Хүлээгдэж буй инфляци

2018 оны 2-р улирлын байдлаар ирэх 6 сарын хугацаанд “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлттэй иргэд 51.7 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 17.4 пунктээр өндөр байна. Хэрэглэгчдийн гуравны нэг орчим нь “үнийн түвшин өөрчлөгдөхгүй” буюу өнөөгийн түвшиндээ байна гэсэн хүлээлттэй байна. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 7.1 пунктээр бага байна.

Харин 10.1 хувь нь “үнийн түвшин хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй” гэж хариулсан бөгөөд энэхүү хариулт нь жилийн өмнөх үетэй харьцуулахад 10 пунктээр бага байна. “Үнийн түвшин буурна” гэсэн хүлээлт хамгийн бага буюу 5.7 хувь байгаа нь өмнөх жилийн хариулттай ойролцоо байна.

Эдгээр хариултаас харахад, жилийн өмнөхтэй харьцуулахад хэрэглэгчид үнийн түвшин өөрчлөгдөнө, ялангуяа ирэх 6 сарын хугацаанд үнийн түвшин өснө гэж илүү хүлээж байна.

Хэрэглэгчдийн ирэх нэг жилийн үнийн түвшний талаарх хүлээлтийг ирэх 6 сарын хүлээлттэй харьцуулбал, үнийн түвшин өөрчлөгдөхгүй гэсэн хариулт 12 орчим пунктээр бага, үнийн түвшин өснө гэсэн хариулт 10 орчим пунктээр өндөр байна. Харин мэдэхгүй гэсэн хариулт бага зэрэг буюу 3.5 пунктээр өндөр байна.

Зураг 1. Хүлээгдэж буй инфляци, 6 сар болон жилийн хугацаанд

Эх үүсвэр: ХИИ-ийн судалгаа, ҮСХ-ны мэдээллийн цахим хуудас www.1212.mn

2018 оны 2-р улирлын байдлаар ирэх 6 сар болон жилийн хүлээж буй инфляцийн түвшин харгалзан 3.2 болон 5.2 хувь байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн дунд жилийн хугацаанд үнийн түвшин өснө гэсэн хүлээлт өндөр байгаагаас гадна хүлээж буй  инфляцийн түвшин ч мөн арай өндөр байна.

Хэрэглэгчдийн хүлээж буй инфляцийн түвшин байршлаар ялгаагүй буюу Улаанбаатар болон орон нутагт амьдардаг хэрэглэгчдийн хүлээж буй инфляцийн түвшин ижил байна.

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System