Мэдээ

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2017 оны 3-р улирал

Хэрэглэгчид (өрхүүд) нь ДНБ-ий хамгийн том худалдан авагч бүлэг бөгөөд Монгол Улсад ДНБ-ий 60 орчим хувийг худалдан авдаг. Хүмүүсийн хэрэглээ, хадгаламж нь тэд өөрсдийн цалин, орлогын тогтвортой байдлын талаар хэр зэрэг итгэлтэй, өөдрөг байгаагаас ихээхэн хамаардаг. Иймд эдийн засгийн байдалд энэ том худалдан авагч бүлгийн өөдрөг байдал чухал нөлөөтэй.

Эдийн засаг, санхүүгийн төлөв байдлын талаар хэрэглэгчид хэр зэрэг өөдрөг байгааг хэмждэг “Хэрэглэгчийн итгэлийн индекс” (ХИИ) нь эдийн засгийн нэг гол үзүүлэлт бөгөөд үүнийг АНУ, Англи, Австрали, Тайланд, Украйн, Хонг-Конг, Хятад, Чех, Япон зэрэг маш олон оронд тооцдог. Монгол Улсад ХИИ-ийг 2009 оны 4 сараас эхлэн тооцоолж байна. ХИИ-ийн утга 100-гаас өндөр бол хэрэглэгчид өөдрөг, харин 100-гаас бага бол гутранги байна гэж үздэг.

Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2017 оны 3-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 12.1 пунктээр өсч 86.5 болсон нь хэрэглэгчдийн өөдрөг байдал дээшилж байгааг харуулж байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох өнөөгийн байдлын индекс болон хүлээлтийн индексийн өсөлт нөлөөлжээ.

Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн өмнөх түвшнээсээ 11.7 пунктээр өсч 117.4 болсон. Харин өнөөгийн байдлын индекс өмнөх оны мөн үед 27.3 байсан бол жилийн хугацаанд 12.9 пунктээр (47.3%) өсч 40.2 болжээ. Өнөөгийн байдлын индекс сүүлийн 2 жил гаруй хугацаанд анх удаа гурван улирал дараалан өсөлттэй гарсан байна.

Зураг 1. Хэрэглэгчийн итгэлийн индекс, улирлаар

Өнөөгийн байдлын индексийн өсөлтөд бизнесийн нөхцөл байдал сайн (9.5 пункт) болсон болон ажлын олдоц сайжирсан (16.2 пункт) нь нөлөөлжээ. Түүнчлэн, ойрын ирээдүйд буюу ирэх 6 сарын хугацаанд эдийн засгийн байдал ямар байх талаар өрхийн хүлээлт сайжирсан нь, тэр дундаа өрхийн орлого (14.4 пункт) болон ажлын олдцын индексийн өсөлт (14.6 пункт) гол нөлөө үзүүлсэн байна. Бизнесийн нөхцлийн талаарх хүлээлт арай багаар өссөн (6.1 пункт). 

Хэрэглэгчид өөдрөг байх үе буюу ХИИ 100-аас өндөр байхад ДНБ-ий улирлын дундаж өсөлт 11.9 хувь байсан бол хэрэглэгчид гутранги байх үе буюу ХИИ 100-аас бага байхад дундаж өсөлт 4.7 хувь байна.

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System