Мэдээ

Хөдөлмөрийн зах зээл

ҮСХ-ны сарын танилцуулгад мэдээлснээр сар тутам шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 2013 оны 4 сараас эхлэн огцом өсч эхэлсэн бөгөөд 2014 оын 5 сараас хойш хэлбэлзэлтэй хэдий ч 7400-гаас буураагүй байна. (Зураг 1) Өмнө нь сард дунджаар 6500 орчим хүн шинээр бүртгүүлдэг байсан бол 2014 оны 5 сараас хойш сард дунджаар 10550 орчим хүн шинээр бүртгүүлдэг болжээ. Түүнчлэн бүртгэлтэй ажилгүй иргэдээс ажилд орсон хүний тоо эрс буурах хандлагатай байна. Өмнө нь сард дунджаар 4000 орчим бүртгэлтэй ажилгүй иргэд ажилд ордог байсан бол 2014 оны 5 сараас хойш 2400 орчим нь ажилд ордог болжээ. Үүнээс үзэхэд сүүлийн нэг жил хагасын хугацаанд шинээр бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо эрс өсч байхад ажилд орсон хүний тоо эрс буурсан нь иргэд ажил олоход хүндрэлтэй байгааг харуулж байна. 

Зураг 1. Ажилгүй иргэд

Эх үүсвэр: ҮСХ, сарын танилцуулга

Зураг 2-т сүүлийн 5 жилийн үзүүлэлтүүдийг харьцуулж байна. 2015 онд шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо  122819, бүртгэлтэй ажилгүйчүүдээс ажилд орсон иргэний тоо 27719 байхад бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо  32788 байна. Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 11.9 хувиар, бүртгэлтэй ажилгүйчүүдээс ажилд орсон иргэний тоо 1.1 хувиар тус тус өссөн бол бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 11.3 хувиар буурчээ. 2015 онд 99282 иргэн ажил хайхгүй шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.[1] Эндээс үзэхэд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо нь ажлын олдоц сайжирснаас бус харин ажилгүй иргэд ажил хайх идэвхигүй болж, ажиллах хүчнээс гарснаас болж буурчээ.

2012 онд шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 61504 байсан нь сүүлийн 5 жилийн хамгийн бага үзүүлэлт бол 2013 онд бүртгэлтэй ажилгүйчүүдээс 65874 хүн ажилд орсон нь сүүлийн 5 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 2011-2012 онд хамгийн өндөр буюу 57171 байжээ.



[1] ҮСХ-ны 2015 оны 12 сарын танилцуулга

Зураг 2. Ажилгүй иргэд болон аж үйлдвэрийн салбарт ажиллагсад

Эх үүсвэр: ҮСХ, сарын танилцуулга

2013 онд аж үйлдвэрийн салбар 73 мянга гаруй ажиллагчтай байсан нь сүүлийн 5 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт сүүлийн 2 жил дараалан буурсан байна. 2015 онд аж үйлдвэрийн салбарын ажиллагчдын тоо өмнөх оноос 3.7 хувиар (2651) буурчээ. 2015 онд цахилгаан, дулаан, усан хангамжийн салбарын ажиллагсдын тоо 3.7 хувиар өссөн хэдий ч боловсруулах салбарын ажиллагсдын тоо 7.6 хувиар, уул уурхайн салбарын ажиллагсдын тоо 3.4 хувиар буурсан нь салбарын нийт ажиллагчдын тоо буурахад нөлөөлсөн байна.

Зураг 3. Аж үйлдвэрийн салбарын ажиллагчид

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System