alta.jpg

Б.Алтанцэцэг нь 2011 оноос ЭН АР СИ СИ компанид судлаачаар ажиллаж байгаад 2018 оноос гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Үүнээс өмнө 1995-2021 онд МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд багш, дэд профессор, тэнхимийн эрхлэгч, 2012-2014 онд МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал зэрэг албан тушаалуудыг хашиж байсан. Мөн түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Санхүүгийн зохицуулах хорооны бодлогын зөвлөлийн гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын судалгааны арга зүйн зөвлөлийн гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны яамны эдийн засийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн болон даргаар ажиллаж байсан.

Тэрээр хөдөлмөрийн эдийн засаг, бодлого, хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээ, макро эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд судалгааны бүтээлүүдээ дотоодын болон гадаадын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн туршлагатай. Түүний бүтээлүүд World Bank Economic Review, Annals of Economics and Finance, Review of Development Economics зэрэг Web of Science-н импакт фактортой, хөндлөнгийн хянан магадлагаатай сэтгүүлүүдэд хэвлэгдсэн. 2017-2019 онд МУИС-ийн Эдийн засгийн тэнхимээс эрхлэн гаргадаг Эдийн засаг: Онол, Практик сэтгүүлийн ерөнхий редактораар ажиллаж, тус сэтгүүлийг мэргэжлийн хянан магадлагаа хийдэг болгосон.

Амжилттай удирдан хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээний төслүүдээс дурдвал 2014-2018 онд Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжсэн “Хүртээмжтэй эдийн засгийн өсөлт ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт дотоодын төсөл, 2013-2016 онд Канад Улсын Эдийн засгийн бодлогын хамтын ажиллагааны байгууллага (PEP)-ын санхүүжилтээр хэрэгжсэн “Мэргэжил олгох болон давтан сургалтын залуучуудын ажил эрхлэлтэд үзүүлэх нөлөө” төсөл болон 2017-2019 онд PEP болон Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжсэн ”Улсын цэцэрлэгийн үйлчилгээний эхийн ажил эрхлэлтэд үзүүлэх нөлөө” судалгаанууд болно.

Эрдэм шинжилгээний судалгаа хийхээс гадна олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн компаниудын судалгааны төслүүдэд удирдагчаар болон зөвлөхөөр ажиллаж байсан арвин туршлагатай. Эдийн засгийн ирээдүйн төлөв байдлыг танддаг Хэрэглэгчийн итгэлийн индексийг хэмжих судалгааг 2009 оноос хойш тасралтгүй удирдаж, амжилттайгаар өргөжүүлэн улсын хэмжээний улирал тутмын судалгаа болгоод байна. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны НҮБХХ-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн Макро эдийн засгийн Т21 загварын үндэсний багийн ахлагч, Мянганы сорилын сангийн Хотын бүртгэлийн үйл явц төслийн удирдагч, Төрийн өмчийн хорооны Монгол дахь өмч хувьчлалын нөлөөний судалгааны багийн ахлагч, НҮБХХ-ийн 2003, 2009 оны Хүний хөгжлийн илтгэлийн техникийн багийн гишүүнээр ажиллаж байсан.

Б.Алтанцэцэг нь АНУ-ын Виржиниагийн их сургуулиас Эдийн засгийн ухааны докторын зэргээ, Английн Манчестерын их сургуулиас магистрын зэргээ, МУИС-иас бакалаврын зэргээ тус тус хүртсэн.