Д.Баярмаа нь АНУ-ын Нью-Хэмпширын их сургуульд Эдийн засгийн ухааны докторын зэргээ хамгаалсан бөгөөд, макро эдийн засгийн чиглэлээр судалгааны ажлаа хийж байна. Үүнээс өмнө 2002-оос 2017 оны хооронд МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд ахлах багшаар ажиллаж байсан.
Тэрээр хөдөлмөрийн зах зээл, бодлого, хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээ, макро эдийн засгийн чиглэлээр чиглэлээр мэргэшсэн бөгөөд судалгааны бүтээлүүдээ дотоодын болон гадаадын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн туршлагатай. Мэргэжил олгох сургалтын залуучуудын ажил эрхлэлтэд үзүүлэх нөлөөллийн судалгааны үр дүн нь эдийн засгийн шинжлэх ухааны тэргүүлэх сэтгүүл болох World Bank Economic Review-д хэвлэгдсэн.
Эрдэм шинжилгээний төслийн тухайд Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр “Хүртээмжтэй эдийн засгийн өсөлт ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт дотоодын төсөл, Канад Улсын Эдийн засгийн бодлогын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр хэрэгжсэн “Мэргэжил олгох болон давтан сургалтын залуучуудын ажил эрхлэлтэд үзүүлэх нөлөө” төслүүдэд судлаачаар ажилласан.
Эрдэм шинжилгээний судалгаа хийхээс гадна олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн компаниудын судалгааны төслүүдэд зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Тухайлбал, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны НҮБХХ-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн Макро эдийн засгийн Т21 загварын үндэсний багийн судлаач, Мянганы сорилын сангийн Хотын бүртгэлийн үйл явц төслийн ахлах судлаач, Азийн хөгжлийн банкны “Ядуурах эмзэг байдлын үнэлгээ” төсөлд судлаачаар ажиллаж байсан.
Д.Баярмаа нь Япон Улсын Софи их сургуулиас Эдийн засгийн ухааны магистрын зэргээ, МУИС-иас бакалаврын зэргээ тус тус хүртсэн.