Б.Эрдэнэбат нь МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд профессорын албан тушаал хашдаг. Өмнө нь 2000-2002 онд МУИС-ийн Санхүүгийн тэнхимд туслах багш, 2006-2007 онд Английн төв банк, мөн Хөрөнгө оруулалтын тоон судалгааны хүрээлэн (INQUIRE)-ийн санхүүжилтээр Манчестерын их сургуульд хэрэгжсэн судалгааны төслүүдэд туслах судлаач, 2007-2009 онд Манчестерын их сургуульд Их Британы Засгийн Газрын нэрэмжит докторын дараах судлаач, 2009-2010 онд Английн Ланкастерын их сургуульд эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн, 2010-2014 онд МУИС-ийн Санхүүгийн тэнхимд дэд профессор/профессор, 2014 оноос Эдийн засгийн тэнхимд профессор, 2019-2021 онд Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчээр ажилласан. Мөн Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, Өмнөд Солонгосын Корей их сургуульд зочин профессор, Японы Зүүн Хойд Азийн Эдийн засгийн судалгааны хүрээлэн болон Финляндын төв банкинд зочин судлаачаар ажиллаж байсан.
Тэрээр хэрэглээний эконометрик, санхүү, макро болон мөнгөний эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд судалгааны бүтээлүүдээ дотоодын болон гадаадын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн арвин туршлагатай. Түүний бүтээлүүд Эдийн засгийн шинжлэх ухааны тэргүүлэх сэтгүүл болох Review of Economics and Statistics, Energy Economics, Oxford Bulletin of Economics and Statistics гэх мэт Web of Science-ийн импакт фактортой, хөндлөнгийн хянан магадлагаатай сэтгүүлүүдэд хэвлэгдсэн. Мөн тэрээр Journal of Time Series Econometrics, Empirical Economics, Energy Economics сэтгүүлүүдэд шүүгчээр ажиллаж байсан бөгөөд өдгөө Эдийн засаг: Онол, практик сэтгүүлийн редактораар ажилладаг.
Эрдэм шинжилгээний судалгаа хийхээс гадна Монгол Улсын Сангийн яам, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Монголбанк, Хаан банк, Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банк, Кредит Свисс, Манчестерын эдийн засгийн прогнозчлол, Арабын булангийн Gulf One хөрөнгө оруулалтын банк, Европын холбооны судалгааны төслүүдэд удирдагчаар болон зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.
Б.Эрдэнэбат нь Английн Манчестерын их сургуулиас Эдийн засгийн ухааны магистр болон докторын зэргээ, МУИС-иас санхүүгийн бакалавр болон магистрын зэргээ тус тус хүртсэн.