Б.Хишигсайхан нь 2011 онд ЭН АР СИ СИ компанийг үүсгэн байгуулалцсан. 2013 оноос ННФ-ын хуулийн хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн шинэчлэлийг дэмжих, хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх, стратегийн өмгөөллийг хөгжүүлэх асуудлаар ажиллаж байна. Үүнээс өмнө Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөн ТББ, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Дэлхийн Банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төсөл хөтөлбөрт ажиллаж байсан.
Тэрээр хүний эрхийн хууль, эмэгтэйчүүд, үндэстний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, хүний эрхийн боловсрол, эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх асуудал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах ажиллагааны зохицуулалт зэрэг асуудлаар мэргэшин ажиллаж, энэ чиглэлээр судалгааны ажил, ном товхимол гаргаж байсан туршлагатай. Мөн Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай, Нийтийн сонсголын тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Захиргааны ерөнхий хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан. Эрх зүйн шинэчлэл, тэр дундаа эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээний хууль тогтоомжийн төсөлд санал өгөх ажлыг ТББ-уудыг оролцуулан зохион байгуулж, 30 орчим хуулийн төсөлд хамтарсан санал, шүүмж өгөөд байна.
Б.Хишигсайхан нь эрх зүйн бакалаврын зэргээ МУИС-ийн Хууль зүйн сургуулиас, хүний эрхийн хуулийн магистрын зэргээ Хонгконгийн Их Сургууль (HKU)-иас тус тус хүртсэн.