Эдийн засгийн өсөлт
2016 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 0.8 хувь байхаар хүлээгдэж байна. Дэлхийн банкны “Дэлхийн эдийн засгийн хандлага” (Global Economic Prospects: Spillovers and Weak Growth, January 2016) тайланд 2016 онд Хятад Улс 6.7 хувь, ОХУ -0.7 хувийн өсөлттэй байна хэмээн таамаглаж байна. Уг тайланд 2000-д оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж байсан шинээр аж үйлдвэржсэн (emerging markets) улсуудын эдийн засгийн өндөр хурдацтай өсөлт саарах хандлагатай болсноор түүхий эдийн үнэ унаж, худалдаа, хөрөнгийн урсгал татарч байна гэжээ. Шинээр аж үйлдвэржсэн улсуудын аажим өсөлтийн энэ шинэ үе шатанд дэлхийн эдийн засаг зохицох шаардлагатай байгааг Дэлхийн Банк анхааруулсан байна.
Энэхүү таамаглалаас харахад, дэлхийн 10 том эдийн засгаас Энэтхэг улс ганцаар улам хурдацтай (7.9 %) өсөхөөр хүлээгдэж байна. Манай орны хувьд Энэтхэг улстай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх нь дэлхийн эдийн засаг эрсдэлд орж буй энэ үед зөв зүйтэй алхам болж байна.