Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2019 оны II улирал
Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаа 2014 оноос хойш 22 дахь улиралдаа амжилттай хийгдлээ. Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс 2019 оны 2-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 6.7 пунктээр өсч 84.2 болсон байна.
Хэрэглэгчийн итгэлийн индексийн (ХИИ) энэ өсөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох өнөөгийн байдлын индексийн өсөлт нөлөөлжээ. Тухайлбал, өнөөгийн байдлын индекс жилийн хугацаанд 16.5 (35.2%) пунктээр өсч 63.4 болжээ. Харин ирээдүйн хүлээлтийн индекс өмнөх оны мөн үеийн түвшинд буюу 98.0 байна.
Өнөөгийн байдлын индексийн өсөлтөд ажлын олдоц (32.9 пункт) нь нөлөөлжээ. Ойрын ирээдүйд буюу ирэх 6 сарын хугацаанд эдийн засгийн байдал ямар байх талаар өрхийн хүлээлтэд ажлын олдоц сайжирна (18.2 пункт) гэсэн хүлээлт эерэг нөлөө үзүүлсэн бол бизнесийн нөхцөл болон өрхийн санхүүгийн байдлын талаарх хүлээлт сөрөг нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал, бизнесийн нөхцөл (-13.5 пункт) болон орлогын (-4.4 пункт) хүлээлтийн индекс өмнөх оны мөн үеэс буурчээ.
Хэрэглэгчид өөдрөг байх үе буюу ХИИ 100-аас өндөр байхад ДНБ-ий улирлын дундаж өсөлт 11.9 хувь байсан бол хэрэглэгчид гутранги байх үе буюу ХИИ 100-аас бага байхад дундаж өсөлт 4.9 хувь байна.