2017 оны IV улирлын ХИИ
Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2017 оны 4-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 3.6 пунктээр буурч 74.7 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох хүлээлтийн индексийн бууралт нөлөөлжээ. Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн өмнөх түвшнээсээ 12.3 пунктээр буурч 103.4 болсон. Харин өнөөгийн байдлын индекс өмнөх оны мөн үед 22.4 байсан бол жилийн хугацаанд 9.5 пунктээр (42.4%) өсч 31.9 байна. Өнөөгийн байдлын индекс сүүлийн 2 жил гаруй хугацаанд анх удаа дөрвөн улирал дараалан өсөлттэй гарсан байна.
Өнөөгийн байдлын индексийн өсөлтөд бизнесийн нөхцөл байдал сайн (12.2 пунктээр өссөн) болсон болон ажлын олдоц сайжирсан (6.6 пунктээр өссөн) нь нөлөөлжээ. Харин ойрын ирээдүйд буюу ирэх 6 сарын хугацаанд эдийн засгийн байдал ямар байх талаар өрхийн хүлээлт буурахад өрхийн орлого (18.5 пунктээр буурсан), ажлын олдоц (9.3 пунктээр буурсан) болон бизнесийн нөхцлийн индексийн бууралт (8.9 пункт) гол нөлөө үзүүлсэн байна.
Хэрэглэгчид өөдрөг байх үе буюу ХИИ 100-аас өндөр байхад ДНБ-ий улирлын дундаж өсөлт 11.9 хувь байсан бол хэрэглэгчид гутранги байх үе буюу ХИИ 100-аас бага байхад дундаж өсөлт 4.7 хувь байна.