Удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний худалдан авалт
Аялал жуулчлал болон удаан эдэлгээтэй бүтээгдэхүүнүүд болох үл хөдлөх хөрөнгө, томоохон эд хогшил, автомашин зэрэг нь эрэлтийн мэдрэмж өндөртэй байдаг. Эдийн засгийн хэлбэлзлийн талаарх тогтсон баримтаас үзвэл эдгээр бүтээгдэхүүний хэрэглээний зардал нь эдийн засгийн мөчлөгийн дагуу өөрчлөгддөг ба өөрчлөлтийн хэмжээ нь ДНБ-ий өөрчлөлтөөс хэд дахин их буюу далайц ихтэй байдаг. Жишээлбэл, эдийн засгийн уналтын үед хэрэглэгчид юуны өмнө автомашин, цахилгаан бараа зэрэг удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний хэрэглээний зардлыг бууруулдаг. Иймд удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүн худалдан авахаар хэрэглэгчдийн төлөвлөж буй зардал нь эдийн засгийн төлөв байдлын талаар чухал мэдээлэл агуулдаг. Энэ хэсэгт бид үл хөдлөх хөрөнгө, томоохон эд хогшил, автомашины худалдан авалтын төлөвлөлтийн талаар мэдээлнэ.
Үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар төлөвлөж байгаа эсэхийг асуухад нийт хэрэглэгчдийн 8.6 хувь тийм гэсэн хариулт өгсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 пунктээр өндөр, 2016 оны мөн үетэй харьцуулахад 4 пунктээр өндөр байна. Нийт хэрэглэгчдийн 4 хувь нь орон сууц, 2.2 хувь нь хашаа байшин, 0.1 хувь нь гэр, 1.1 хувь нь зуслангийн байр авна гэж хариулжээ (Зураг 2).
Нийт хэрэглэгчдийн 22.2 хувь нь томоохон эд хогшил, цахилгаан бараа худалдан авах төлөвлөгөөтэй байгаагаас давхардсан тоогоор 5.4 хувь нь зурагт, 2.8 хувь нь компьютер, 5.1 хувь нь хөргөгч авахаар байна. Томоохон эд хогшил, цахилгаан барааны эрэлт сүүлийн хоёр жилд нэлээд буураад байсан бол энэ жил нэлээд өсч (өнгөрсөн жилээс 8.9 пүнктээр өссөн) 3 жилийн өмнөх түвшиндээ хүрчээ.
2018 оны 2 дугаар улирлын байдлаар нийт хэрэглэгчдийн 39.7 хувь нь аялал жуулчлал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.6 пунктээр өссөн байна. Давхардсан тоогоор, хэрэглэгчдийн 9.3 хувь нь гадаадад, 32.3 хувь нь дотоодын амралт, сувиллын газар амрахаар төлөвлөж байна.