Мэргэжил олгох түр сургалт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлдэг үү?

Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэй, маргаангүй арга зүйгээр хэмжих нь яагаад чухал вэ?

  • Төрөөс хэрэгжүүлдэг ихэнх бодлого, хөтөлбөр татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг учир зардлаас давсан үр ашигтай байх ёстой. Тиймээс бодлого, хөтөлбөр үр ашигтай эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйгээр нотлох нь туйлын чухал.   

  • Бодлого, хөтөлбөрийн нөлөөллийг шинжлэх ухааны аргаар хэмжих нь зөвхөн үр ашигтай эсэхийг нотлоод зогсохгүй, хэрэгжүүлэх арга техник, хөтөлбөрийн оновчтой дизайныг тодорхойлоход чухал мэдээлэл агуулдаг.

Монгол Улсын хувьд төрөөс хэрэгжүүлдэг олон тооны бодлого, хөтөлбөр байдаг ч нөлөөллийг үнэлсэн судалгаанууд маш хомсхон байдаг. Тэгвэл Эн Ар Си Си компанийн судлаачид Канад, Аргентин улсын судлаачидтай хамтран Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын хэрэгжүүлдэг мэргэжил олгох түр сургалтын нөлөөллийг санамсаргүй туршилтын арга хэрэглэн 2013-2015 онд үнэлжээ.

Уг туршилтын судалгаа нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хамгийн том бөгөөд удаан хэрэгжсэн хөтөлбөрийн нөлөөллийг үнэлсэн төдийгүй, хөдөлмөрийн зах зээлийн судалгааг шилжилтийн эдийн засагтай, хөгжиж буй орны нотолгоогоор баяжуулснаараа онцлогтой. Учир нь хөгжиж буй орнуудын, тэр дундаа шилжилтийн эдийн засагтай улсуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын нөлөөллийг хэмжсэн судалгаа тун хомс байдаг.   

Судалгааны бас нэг шинэлэг тал нь мэргэжил олгох түр сургалтын нөлөөллийг хэмжихийн сацуу мэдээллийн интервенцын туршилт хэрэгжүүлсэн явдал юм. Тодруулбал, хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэй хүмүүсийн цалин огт мэргэжилгүй хүмүүстэй харьцуулахад өндөр байдаг тухай мэдээлэл агуулсан захидлыг сургалтанд хамрагдагсдад долоо хоног бүр өгснөөр тэдний ирцэд хэрхэн нөлөөлөхийг туршилтын аргаар хэмжсэн нь сонирхолтой үр дүнг харуулсан байна.

1990-2010 оны хооронд Монгол Улсад болсон нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүд нь хөдөлмөрийн зах зээлд томоохон өөрчлөлтүүдийг авчирсан. Тухайлбал,  “Хүн бүр ажилтай байх” гэсэн захиргаадалтын бодлого баримталж ирсэн социалист тогтолцооноос зах зээлийн тогтолцоонд шилжсэнээр ажилгүйдэл хэмээх шинэ ойлголт хөдөлмөрийн зах зээлд бий болсон. Мөн түүнчлэн, хөдөлмөр бага шингээдэг уул уурхайн салбар тэлж, хөдөлмөр их шингээдэг уламжлалт хөдөө аж ахуйн салбар хумигдсан нь хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөнийг эрс нэмэгдүүлсэн. Эдгээр томоохон өөрчлөлт нь хүн амын насны шилжилттэй давхацсан нь хөдөлмөрийн зах зээл дэх дарамтыг нэмэгдүүлсэн. Монгол Улсын хүн ам харьцангуй залуу (медиан нас 26) бөгөөд ид ажлын насны хүн амын 55 хувь нь залуучууд байна.

Мэргэжил олгох түр сургалт

Мэргэжил олгох түр сургалт нь 2003 оноос хэрэгжиж байгаа бөгөөд ажилгүйдлийг бууруулах, ажиллах хүчний оролцооны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжиж эхэлсэн. Сургалтын хөтөлбөр нь эрэлтэд суурилсан буюу ажил олгогчдын зүгээс эрэлттэй байгаа ур чадварын сургалтанд ажилгүй, ажилгүйдэлд өртөх эрсдэлтэй, бага орлоготой бүлгийн иргэдийг хамруулдаг.

Тухайн үеийн Хөдөлмөрийн яамны мэдээлснээр 2011 оны байдлаар тус сургалтын хөтөлбөрт 8000 хүн суралцаж, 3.5 тэрбум төгрөгийг (2.1 сая ам доллар) зарцуулсан байв. Сургалт явуулах төвүүдийг тендерээр жил бүр шалгаруулдаг бөгөөд сонгогдсон төвүүд жил бүр 50 гаруй төрлийн мэргэжлээр 20-45 хоногийн сургалт зохион байгуулдаг. Сургалтын зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлдэг байна.

2013 онд 47 сургалтын төв тендерээр шалгарч үсчин, тогооч, барилга болон хүнд машин механизм зэрэг 6 бүлэг бүхий мэргэжлээр 141 удаагийн сургалтыг зохион байгуулсан. Сургалтын төлбөр нь хугацаа болон мэргэжлээс хамааран 140,000 – 220,000 (90-140 ам доллар) төгрөг байжээ. Сургалт 30 хувь нь танхимд үзэх онолын хичээл, 70 хувь нь үйлдвэр дээрх дадлага хэлбэртэй явагддаг.

Бусад хөгжиж буй орнуудад хэрэгжүүлдэг мэргэжил олгох сургалттай харьцуулахад Монголын сургалт хугацааны хувьд нэлээд богино бөгөөд төлбөр багатай. Тухайлбал, бусад орнуудад хэрэгждэг сургалт нь 2.5 сараас 2 жил хүртэлх хугацааны танхимын сургалт, хоёроос зургаан сарын хугацаанд дадлагаас бүрддэг бөгөөд төлбөрийн хувьд 330 – 1700 ам доллар байдаг байна.

Үнэлгээний дизайн

2013 оны намар Нийслэлийн хөдөлмөрийн газраас хэрэгжүүлдэг мэргэжил олгох сургалтад сурах хүсэлт гаргасан 15-29 насны 1188 залуучуудыг сургалтанд хамрагдах (774 залуучууд) трийтмент бүлэг болон хамрагдахгүй хяналтын бүлэг (414 залуучууд) болгон санамсаргүйгээр хуваарилсан. Ингэхдээ бүх өргөдөл гаргагчдаас суурь судалгаа авч, өдөр бүр санамсаргүй хуваарилалтыг хийсэн. Тухайн өдөр боломжтой байгаа орон тоо нь өргөдөл гаргагчдын тооноос бага байгаа мэргэжлүүд дээр санамсаргүй шодолт хийх замаар хяналтын болон трийтмент бүлгүүдээ үүсгэсэн болно.

Мэдээллийн интервенц нь зөвхөн сургалтанд хамрагдахаар хуваарилагдсан буюу 1-р интервенцын 774 оролцогчдыг мэдээлэлтэй захиа илгээх,  илгээхгүй гэсэн хоёр бүлэгт санамсаргүйгээр хуваарилах замаар хэрэгжсэн. 1-р интервенц буюу сургалтын санамсаргүй хуваарилалтын нэгж нь өргөдөл гаргасан залуучууд байсан бол 2-р интервенцын нэгж нь анги байсан. Өөрөөр хэлбэл 2-р инвервенцэд хамрагдах болон хамрагдахгүй ангиудыг сонгож, хамрагдах ангид сурч буй залуучуудад мэдээлэл бүхий захиаг илгээж байсан.

Үр дүн

Энэхүү туршилтын судалгааны үр дүнд мэргэжил олгох түр сургалт нь залуучуудын хувиараа хөдөлмөр эрхлэлт болон ур чадварын нийцэлд богино болон дунд хугацаанд[1] нөлөөтэй гэж гарчээ. Тодруулбал, сургалт нь хувиараа хөдөлмөр эрхлэлтийг хяналтын бүлэг буюу сургалтанд хамрагдаагүй залуучуудтай харьцуулахад 8-9 нэгж хувиар өсгөдөг бол ур чадварын нийцлийг богино хугацаанд 10-14 нэгж хувиар өсгөдөг байна. Ур чадварын нийцэл дэх нөлөө дунд хугацаанд арилдаг. Мөн сургалт нь ажил эрхлэлт болон цалинг богино хугацаанд өсгөдөг боловч статистикийн хувьд ач холбогдолгүй гарсан. Өөрөөр хэлбэл энэ хоёр үзүүлэлтэнд мэргэжил олгох түр сургалт нөлөөтэй гэж дүгнэх боломжгүй юм. Цалингийн хувьд сургалтанд хамрагдсан залуучуудынх маш өндөр ялгаатай (сарын цалин хяналтын бүлэгтэй харьцуулахад 123,000-145,000 төгрөгөөр их) байсан хэдий ч статистикийн хувьд ач холбогдолгүй гарчээ.

2-р интервенц буюу мэдээллийн интервенц нь сургалтанд суух хугацааг дунджаар 3 хоногоор нэмэгдүүлдэг гэсэн үр дүн гарчээ. Гэхдээ, ажил эрхлэлт болон цалин зэрэг хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүдэд нөлөөгүй байна. 

Судалгаанаас хэд хэдэн анхаарал татах үр дүн гарсан. Тухайлбал, сургалтанд хамрагдалтын түвшин (57%) бусад хөгжиж буй орнуудад (сургалтанд хамрагдалт 77-99%) хэрэгждэг ижил төстэй сургалттай харьцуулахад нэлээд доогуур байсан байна. Сургалтанд хамрагдахгүй байхад ач холбогдол бүхий нөлөөлсөн хэд хэдэн хувьсагчдаас тухайн үед Улаанбаатарт хэрэгжиж байсан сургалтын хөтөлбөрт нэмсэн дөрвөлсөн гэрээний нөхцөл томоохон хүчин зүйл болсон байна. Өмнө нь суралцагч, Нийслэлийн хөдөлмөрийн газар ба дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй гурвалсан гэрээ байгуулдаг байсан бол нэмж дөрөвдөгч тал буюу ажил олгогчийг нэмсэн нь оролцогчдын сургалтанд хамрагдах магадлалыг 54 хувиар бууруулжээ.

Бас нэг анхаарал татах үр дүн нь мэргэжил олгох түр сургалтын ур чадварын нийцэл болон хувиараа хөдөлмөр эрхлэлтэнд үзүүлж буй эерэг нөлөө нь өндөр боловсролтой, харьцангуй өндөр орлоготой бөгөөд 21-ээс дээш насныханд илүү хүртээмжтэй байсан явдал юм. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрөөс хамгийн бага үр ашиг хүртсэн бүлэг нь хөтөлбөрийн зорилтот бүлэг болох бага орлоготой, доогуур боловсролтой, 15-21 насныхан байжээ. Улаанбаатар хот дахь залуучуудын хөдөлмөрийн зах зээлийн эрс ялгаатай байдлыг маш богино хугацааны сургалтаар шийдэж чадахгүй болохыг судалгаа онцолсон. Мөн түүнчлэн, мэргэжлийн ур чадвар хамгийн хэрэгцээтэй байж болох бага орлоготой, доогуур боловсролтой зорилтот бүлэгт сургалтыг илүү хүртээмжтэй болгоё гэвэл зорилтот бүлэг тодорхойлж буй дизайныг өөрчлөх шаардлагатай болохыг судалгаанд дүгнэжээ.

[1] Сургалт дууссанаас хойш 6 сарын дараах дагах судалгааны үр дүнг богино хугацаа, 18 сарын дараах дагах судалгааны үр дүнг дунд хугацааны үр дүн гэж үзсэн.

Энэхүү туршилтын судалгааны үр дүн World Bank Economc Review сэтгүүлийн 2021 оны 10 сарын дугаарт хэвлэгдэг гарчээ. 2022 оны 10 сарын 26-ны өдрийн Эн Ар Си Си судалгааны семинарт судалгааны тухай дэлгэрэнгүй хэлэлцүүлнэ. Семинар оролцох бол энд дарж мэдээлэл авна уу.

Previous
Previous

Мэдэгдэл

Next
Next

Хэрэглэгчийн итгэлийн индекс - 2022 оны 3-р улирал