Худалдан авалтын төлөвлөгөө
Хэрэглэгчийн удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдан авах төлөвлөгөө нь эдийн засаг өсөх, буурахыг урьдчилан хэлэх боломжтой эдийн засгийн чухал түрүүлэгч индикатор. Аялал жуулчлал болон удаан эдэлгээтэй бүтээгдэхүүнүүд болох үл хөдлөх хөрөнгө, томоохон эд хогшил, автомашин зэрэг нь өрхийн хувьд өндөр өртөгтэй худалдан авалт. Тиймээс хэрэглэгчид худалдан авах чадвартаа итгэлтэй байгаа үедээ авдаг. Тиймээс эдийн засгийн талаар гутранги байгаа үедээ хэрэглэгчдийн итгэл буурч, юуны өмнө автомашин, цахилгаан бараа зэрэг удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний хэрэглээний зардлыг бууруулдаг. Удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний төлөвлөлтийг хоёр улирлын дараах ДНБ-ны өсөлтийн динамиктай харьцуулсныг зурагт харууллаа. Эдгээр нь өсөлтийн трендтэй нэлээд ойрхон хамааралтай байгааг харж болно. Ялангуяа үл хөдлөх хөрөнгө болон автомашины худалдан авалтын төлөвлөлт нь ДНБ-ний өсөлттэй илүү ойрхон хувьсдаг байна.
2020 оны гуравдугаар улиралд автомашин болон үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт 2019 оны мөн үе болон дундажтай харьцуулахад тогтвортой, харин томоохон эд хогшил болон цахилгаан барааны эрэлт бага зэрэг буурахаар байна. Ирэх зургаан сарын хугацаанд нийт иргэдийн 17.4 хувь нь машин, 8.2 хувь нь үл хөдлөх хөрөнгө, 15.1 хувь нь томоохон эд хогшил, цахилгаан бараа худалдан авах төлөвлөгөөтэй байна.
Олон улсад тархаад буй Covid 19 цар тахалын дэгдэлттэй холбоотой хол хоригуудаас үүдэлтэйгээр аялал жуулчлал ойрын зургаан сард эрс буурах төлөвтэй байна. 2019 оны мөн үетэй харьцуулахад гадаад болон дотоодод хийх аялал жуулчлал 35 хувь буурахаар байна. Гадаадад аялах төлөвлөгөө хоёр дахин, харин дотоодын аялал жуулчлал 30 гаруй хувиар буурах төлөвтэй байна. 2020 оны гуравдугаар улиралд аялал жуулчлалын эрэлт 18.6 хувь байгаа нь 2019 оны дунджаасаа 11 пунктээр бага байх төлөвтэй байна.