ТХЗ-ын Зохистой хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
ЭН АР СИ СИ компанийн судалгааны баг “Зохистой хөдөлмөрийг дэмжиж 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь: ТХЗ-ын хэрэгжилтийн хяналт шинжилгээ, Монгол улсын төлөв байдал“ судалгааг 2024 оны 5-с 12 сарын хооронд хийж гүйцэтгэлээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблей 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг 2015 онд баталсан.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь бүрэн, бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрөөр дамжуулан нийгмийн шударга ёсыг дэмжих болон ядуурлыг бууруулах зорилгоор Зохистой хөдөлмөрийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэхүү тайлан нь Зохистой хөдөлмөрийг дэмжих замаар Тогтвортой хөгжлийн зорилгыг (ТХЗ) хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсад гарсан ахиц дэвшилд хийсэн хяналт, шинжилгээний үндэсний хоёрдох тайлан юм.
Үндэсний Статистикийн хороо тайлангийн үр дүнг тархаах семинарыг 2024 оны 12 сарын 24-ны Мягмар гарагт Галлерей төвийн 3 давхарт MG танхимд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллага, холбогдох яамд, үйлдвэрчний эвлэл, ажил олгогч эздийн холбоо, төрийн бус байгууллагууд, судалгааны байгууллагуудын 50 орчим төлөөлөгчид биечлэн оролцлоо.
ТХЗ-ын Зохистой хөдөлмөр эрхлэлтийн үр дүн, цаашдын хэрэглээ сэдвээр хэлэлцүүлэг зохиосон. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага хэлэлцүүлгийг чиглүүлсэн бөгөөд Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Үндэсний судалгаа зөвлөгөөний төвийн төлөөллүүд хэлэлцүүлэгт оролцов.
Энэхүү тархаалтын семинараар мөн ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын Өрхөд суурилсан судалгааны ахлах статистикч Э. Гантуяа “Зохистой хөдөлмөр эрхлэлтийн статистикийн үзүүлэлтийг тооцох гарын авлага”-ын танилцуулга хийсэн. Мөн түүнчлэн ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн дарга Л.Ундрал “Ажиллах хүчний судалгааны үр дүнгийн динамикийн шинэчлэл“-ийг танилцуулав