Монгол улс дахь цэргийн хөдөлмөрийн судалгаа
ЭН АР СИ СИ компанийн судалгааны баг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр “Монгол улс дахь цэргийн хөдөлмөрийн судалгаа”-г 2023 оны 7-р сараас 2024 оны 3-р сарын хооронд хийж гүйцэтгэлээ. Энэ нь Монгол улс дахь цэргийн хөдөлмөр албадан хөдөлмөрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 29, 105 дугаар конвенцод нийцэж байгаа эсэхийг үнэлсэн судалгаа юм.
Албадан хөдөлмөрийн тухай ОУХБ-ын 1930 оны 29 дүгээр конвенц нь хугацаат цэргийн алба хаагчийг зөвхөн цэргийн зориулалттай ажил, үйлчилгээ гүйцэтгэхийг зөвшөөрдөг бөгөөд Албадан хөдөлмөрийг устгах тухай 1957 оны 105 дугаар конвенц нь төрөөс албадан хөдөлмөрлүүлэх нөхцөлүүд, түүнчлэн хувийн хэвшилд албадан хөдөлмөрийг ашиглахыг хориглох тухай заасан байдаг. Үүнд хугацаат цэргийн алба хаагчийг эдийн засгийн бүтээн байгуулалтад оролцуулах хамаарна.
Энэхүү судалгаа нь чанарын судалгааны аргачлалаар хийгдсэн бөгөөд судалгаанд хугацаат цэргийн алба хаагч, халагдсан цэргүүд болон зэвсэгт хүчний офицер, ахлагч нар хамрагдсан.
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас 2024 оны 3-р сарын 26-ны Мягмар гарагт зохион байгуулсан хэлэлцүүлгээр МУХЭҮК-ын гүйцэтгэсэн “Монгол улс дахь хоригдлын хөдөлмөрийн нөхцөл байдал”, ҮСХ-ны гүйцэтгэсэн “Монгол улс дахь хүүхдийн хөдөлмөрийн судалгаа” болон ЭН АР СИ СИ компанийн гүйцэтгэсэн “Монгол улс дахь цэргийн хөдөлмөрийн судалгаа”-г танилцууллаа.