Хүлээгдэж буй инфляци

2019 оны 4-р улирлын байдлаар ирэх 6 сарын хугацаанд “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлттэй иргэд 69.6 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 5.2 пунктээр их байна. Хэрэглэгчдийн 15.6 гаруй хувь нь “үнийн түвшин өөрчлөгдөхгүй” буюу өнөөгийн түвшиндээ байна гэсэн хүлээлттэй байна. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 0.8 пунктээр бага байна.

Харин 12.3 хувь нь “үнийн түвшин хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй” гэж хариулсан бөгөөд энэхүү хариулт нь жилийн өмнөх үетэй харьцуулахад 2.2 пунктээр бага байна. “Үнийн түвшин буурна” гэсэн хүлээлт хамгийн бага буюу 2.5 хувь байгаа нь өмнөх жилтэй харьцуулахад 0.9 пунктээр бага байна.

2019 оны 4-р улирлын байдлаар ирэх 6 сар болон жилийн хүлээж буй инфляцийн түвшин харгалзан 4 болон 7 хувь байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн дунд жилийн хугацаанд үнийн түвшин өснө гэсэн хүлээлт өндөр байгаагаас гадна хүлээж буй  инфляцийн түвшин ч мөн арай өндөр байна.

Хэрэглэгчдийн хүлээж буй инфляцийн түвшин байршлаар ялгаатай байгаа бөгөөд Улаанбаатар хотын иргэдийн хувьд жилийн хугацаанд инфляцийн түвшинг 6.8  хувь байна гэсэн хүлээлттэй байгаа нь орон нутагт амьдардаг хэрэглэгчдийн хүлээж буй инфляцийн түвшингээс 0.5 пунктээр бага байна. Ирэх 6 сарын хугацаан дахь инфляцийн хүлээлт хотын иргэдийн хувьд 3.9 хувь, орон нутгийн иргэдийн хувьд 4 хувь байна.

Previous
Previous

ХИИ бүс нутаг ба өрхийн шинж чанараар

Next
Next

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2019 оны IV улирал