Худалдан авалтын төлөвлөгөө

Аялал жуулчлал болон удаан эдэлгээтэй бүтээгдэхүүнүүд болох үл хөдлөх хөрөнгө, томоохон эд хогшил, автомашин зэрэг нь эрэлтийн мэдрэмж өндөртэй байдаг. Эдийн засгийн хэлбэлзлийн талаарх тогтсон баримтаас үзвэл эдгээр бүтээгдэхүүний хэрэглээний зардал нь эдийн засгийн мөчлөгийн дагуу өөрчлөгддөг ба өөрчлөлтийн хэмжээ нь ДНБ-ий өөрчлөлтөөс хэд дахин их буюу далайц ихтэй байдаг.  Жишээлбэл, эдийн засгийн уналтын үед хэрэглэгчид юуны өмнө автомашин, цахилгаан бараа зэрэг удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний хэрэглээний зардлыг бууруулдаг. Иймд удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүн худалдан авахаар хэрэглэгчдийн төлөвлөж буй зардал нь эдийн засгийн төлөв байдлын талаар чухал мэдээлэл агуулдаг. Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаагаар өрхүүд ирэх 6 сарын хугацаанд удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдан авах болон аялал жуулчлал хийх төлөвлөгөөтэй эсэхийг асуудаг.

Худалдан авалтын төлөвлөлт ойрын 6 сард

Худалдан авалтын төлөвлөлт ойрын 6 сард

2014 оноос хойш аялал жуулчлал болон удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний эрэлт нэлээд буурсан. 2016 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеэсээ үл ялиг нэмэгдсэн хэдий ч энэ оны 3 дугаар улиралд автомашинаас бусад бүтээгдэхүүний хувьд эрэлт нь бага зэрэг буурсан байна. Энэхүү бууралт нь иргэд яг одоогоор удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдан авахад тохиромжгүй үе гэж үзэж буйтай холбоотой. Мөн түүнчлэн орон сууцны үнэ буурна гэсэн хүлээлттэй байгаа нь үл хөдлөх хөрөнгийн эрэлт буурахад нөлөөлж байна.

Удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдан авахад тохиромжтой эсэх

Удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдан авахад тохиромжтой эсэх

ХИИ-ийн 3 дугаар улирлын байдлаар өнөөдөр удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдаж авахад тохиромжгүй үе гэж өрхүүдийн 64.7 хувь нь үзэж байхад 19.0 хувь нь тохиромжтой үе гэж үзжээ. Тохиромжгүй гэж үзсэн өрхийн тоо жилийн өмнөхөөс 6.4 пунктээр өсч, тохиромжтой гэж хариулсан өрхийн тоо 3.3 пунктээр буурсан байна. Харин мэдэхгүй гэсэн хариулт өмнөх оны мөн үеэс 4.5 пунктээр буурчээ.

Previous
Previous

Өрхийн санхүүгийн байдал

Next
Next

Хүлээгдэж буй инфляци