ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ
2016 оны 3-р улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 9.4% (жилийн өмнөхөөс 1.5 пунктээр өндөр), ажиллах хүчний оролцооны түвшин 61.6% (0.8 пунктээр бага) байна. Энэ хоёр үзүүлэлтээс харвал хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд өнгөрсөн жилийн хугацаанд муудах хандлагатай байна. ҮСХ-ны сарын танилцуулгад мэдээлдэг шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо ба бүртгэлтэй ажилгүй иргэдээс ажилд орсон хүний тоог харвал 2013 оны 4 сараас хойш эрс өөрчлөлт гарсан байдаг.
ҮСХ-ны сарын танилцуулгад мэдээлснээр сар тутам шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 2013 оны 4 сараас эхлэн огцом өсч эхэлсэн бөгөөд 2014 оын 5 сараас хойш хэлбэлзэлтэй хэдий ч 7400-гаас буураагүй байна. (Зураг 3) Өмнө нь сард дунджаар 6500 орчим хүн шинээр бүртгүүлдэг байсан бол 2014 оны 5 сараас хойш сард дунджаар 10000 гаруй хүн шинээр бүртгүүлдэг болжээ. Түүнчлэн бүртгэлтэй ажилгүй иргэдээс ажилд орсон хүний тоо эрс буурах хандлагатай байна. Өмнө нь сард дунджаар 4000 орчим бүртгэлтэй ажилгүй иргэд ажилд ордог байсан бол 2014 оны 5 сараас хойш 2200 орчим нь ажилд ордог болжээ. Үүнээс үзэхэд сүүлийн нэг жил хагасын хугацаанд шинээр бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо эрс өсч байхад ажилд орсон хүний тоо эрс буурсан нь иргэд ажил олоход хүндрэлтэй хэвээр байгааг харуулж байна.
2016 оны 10 сарын байдлаар аж үйлдвэрийн салбарт 69163 хүн ажиллаж байна. Боловсруулах салбарт ажиллагсдын тоо өмнөх оны мөн үеэс 14.8 хувиар, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарт ажиллагсдын тоо 6.2 хувиар өссөн байна.