ТОГТВОРТОЙ ӨСӨЛТӨД ХЭРХЭН ХҮРЭХ ВЭ?
Байгалийн баялагаас хэт хамааралтай Монголын хувьд чанартай дээд боловсрол нь тогтвортой хөгжлийн эх үүсвэр, хуримтлалын хэлбэр байх боломжтой гэсэн саналыг судлаач Эрдэнэбат Хаусман, Родрик, Веласкогийн 2008 оны аргад суурилан дэвшүүлж байна.
Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ маш их хэлбэлзэлтэй байдаг нь түүхий эд экспортлогч улсуудын санхүү, эдийн засаг, нийгэм, улс төрийн орчин тогтворгүй байх хүчин зүйл болдог байна. Үүний зэрэгцээ баялаг нь шавхагдсаны дараа хүн амын амьжиргаа огцом дордох эрсдлээс хэрхэн хамгаалах вэ гэсэн асуудлыг мөн дагуулдаг.
Судлаач Эрдэнэбат нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн эх үүсвэр юу вэ?” сэдэвт ажлаараа Монгол Улсын эдийн засгийн өсөлт, түүний хэлбэлзлийг өндөр хөгжилтэй улсууд болон түүхий эдийн экспортоос хамааралтай ижил төстэй улсуудын үзүүлэлтүүдтэй харьцуулан судалсан юм. Эндээс Монголын эдийн засгийн өсөлт Хятадтай харьцангуй ижил түвшинд боловч стандарт хазайлтаар хэмжигдэх эдийн засгийн тодорхой бус байдал, эрсдэл нь Хятадаас маш өндөр болохыг харж болно. Тэрээр “Гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодит урсгал хоёр дахин нэмэгдсэн 2008 оноос хойш эдийн засгийн өсөлтийн хэлбэлзэл өмнөх үеэс болон бусад харьцуулсан улсуудаас (Хятад, Орос, Америк, Япон болон доогуур дундаж орлоготой улсууд) даруй 2-3 дахин өндөр болсон”, мөн “Хятадын эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийн замнал зогсох нь тодорхой, газардалт нь огцом байх уу, алгуур байх уу гэдэг нь тодорхой бус байна ” хэмээн онцолжээ.
Монголын өнөөгийн нөхцөл байдлыг дүрсэлбэл эдийн засгийн өсөлт тогтворгүй, хөдөлмөр бага шингээдэг уул уурхайн салбар хэт данхайсан, тогтвортой байдлыг хангах, хуримтлал үүсгэх бодлогыг хэрэгжүүлэх засаглал, институцийн чадавхи сул гэсэн хүндхэн дүр зураг харагдаж байна. Тухайлбал, Монгол Улсын газрын баялгийн орлого арвин их баялагтай хойд хөршөөсөө илүү гарсныг судлаач дурджээ. “Байгалийн баялгаасаа хүртэж буй асар их хэмжээний орлогодоо хэт дасч, хараат болсон Монголын эдийн засагт урт хугацааны тогтвортой өсөлтийн эх үүсвэр даруй бий болгож, хуримтлал үүсгэхгүй бол баялаг шавхагдсаны дараа эргээд 1990-ээд оны нөхцөл байдал руугаа буцаж мэднэ“ гэдгийг судлаач анхааруулж байна.
Дээр дурдсан нөхцөл байдлаас үүдэн хоёр чухал асуулт урган гарч байна. Нэгдүгээрт, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэн бий болдог тогтворгүй байдлыг хэрхэн удирдаж, эдийн засгаа тогтвортой төлөвт хүргэх вэ? Хоёрдугаарт, ирээдүйд баялаг шавхагдсаны дараа ядуурах эрсдлээс хэрхэн сэргийлэх боломжтой вэ?
Эхний асуултын хариуд судлаач төсвийн төсөл боловсруулахад анхаарах бодлогын санал дэвшүүлжээ. Тогтворгүй байдлын шалтгаан болдог түүхий эдийн экспортын тодорхой бус орлогыг зохимжтой удирдахад зөвхөн үнийн таамаглалаас гадна таамаглалын тодорхой бус байдлыг тооцож, хамгийн доод үнээр төсөвлөх, бодит үнэ төсөвлөснөөс давсан тохиолдолд гадаад өрийг төлж, хуримтлал бүрдэх орон зай үүсгэх саналыг дэвшүүлсэн байна. Энэ нь зэс, нүүрс, алт, газрын тосны ирээдүйн үнийн тодорхой бус байдал улам бүр нэмэгдэж байгаатай холбоотой юм байна. Жишээ нь нүүрсний үнийг Зураг 1-ээс харна уу.
Хоёрдох асуулт буюу ирээдүйд баялаг шавхагдсаны дараа хөгжлийг цааш хөтлөх эх үүсвэрийг бий болгох ямар боломж байна вэ? Судалгаанаас Монголын их дээд сургуулиудын чанарыг сайжруулж, байгалийн баялгийн ашиглалтад мэдлэг шингээх бодлогын санал дэвшүүлсэн байна. Чанартай хүмүүн капитал нь өнөөгийн өндөр хөгжилтэй улсуудын урт хугацааны тогтвортой хөгжлийн гол хөтөч байсан нь нэгэнт нотлогдсон баримт юм. Тэрээр Монгол Улсын экспортыг нэмэгдүүлж, импортыг орлуулах боломжуудыг эрэлхийлсэн шинжилгээнээс энэхүү дүгнэлтэнд хүрчээ. Сүүлийн жилүүдэд үйлчилгээний төлбөрийн тэнцлийн алдагдлын дийлэнхийг боловсролтой холбоотой аялал бүрдүүлэх болсныг Зураг 2-оос харж болно. Иймд Монголын дээд боловсролын чанарыг дэлхийн стандартад ойртуулах нь урт хугацааны тогтвортой хөгжлийн эх үүсвэр, хуримтлалын хэлбэр болоод зогсохгүй төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах ач холбогдолтой ажээ.
Судалгааны ажлыг 2021 оны 10 сарын 27-ны 18.00 цагаас ЭН АР СИ СИ судалгааны семинарт дэлгэрэнгүй танилцуулна. Семинарын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.