Гэрлэсэн хосуудын өндөр наслах хүлээлт нь бодит байдлаас хэр зөрүүтэй байдаг вэ?

Нидерландын Тилбургийн их сургуулийн докторант Э.Лхагваа АНУ-ын Эрүүл мэнд, тэтгэврийн судалгаа (Health and Retirement Study-HRS)-ны панел тоон өгөгдлийг ашиглан нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. HRS тоон өгөгдөл нь АНУ-ын үндэсний хэмжээний түүвэр судалгаа бөгөөд 50-с дээш насны иргэд болон тэдгээрийн эхнэр/нөхрийн нийгэм, эдийн засгийн шинж чанар, нас баралтын мэдээлэл, тодорхой нас хүртлээ амьдрах магадлалын өөрсдийн үнэлэмж зэрэг мэдээллийг цуглуулдаг. Судлаач Э.Лхагваагийн баг энэхүү тоон өгөгдлийг ашиглаад гэрлэсэн хосуудын тодорхой нас хүртлээ амьдрах өөрсдийн хүлээлт нь бодит байдлаас хэр зөрүүтэй байгааг харьцуулсан шинжилгээ хийжээ. 

Судалгаагаар хүмүүсийн өндөр наслах субьекьтив магадлал нь обьектив магадлалтайгаа өндөр, хүчтэй хамааралтай гэж гарчээ. Өөрөөр хэлбэл хүмүүсийн тодорхой нас хүртлээ амьдрах магадлалын өөрсдийнх нь үнэлэмж бодит байдлаасаа хэт зөрдөггүй гэсэн үг юм. 75-аас доош насны бэлэвсрээгүй хүмүүс өндөр наслах магадлалаа бодит байдлаасаа доогуур үнэлдэг бол 75-аас дээш насны хүмүүс эсрэгээрээ хэтрүүлж үнэлдэг байна. 

Гэр бүлийн хосуудын хувьд өндөр наслах обьектив болон субьектив магадлал нь хамтын амьдралаасаа хамааралтай байх хоёр хүчин зүйлсийг судалгаанд тооцож үзжээ. Эхнийх нь нийтлэг амьдралын хэв маягийн нөлөө-common-lifestyle effect, хоёрдох нь бэлэвсрэх нөлөөНийтлэг амьдралын  хэв маягийн нөлөө гэдэг нь хосууд аливаа зуршил, боловсролын түвшин, угсаа гарал гэх мэт өөрсдийн өндөр наслах обьектив, субьектив магадлалд нөлөөлдөг, ажиглагддаг болон ажиглагдахгүй ижил шинж чанараараа гэрлэх хандлагатай байдагтай холбоотой. Тухайлбал, хоёулаа тамхи татдаг хүмүүс хоорондоо гэрлэх хандлагатай бөгөөд тамхи татдаг хүмүүс тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад дунджаар богино насалдаг. Мөн түүнчлэн, тамхи татдаг хүмүүс өөрсдийгөө тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад богино насална гэсэн үнэлэмжтэй байдаг учраас тамхи татдаг хосуудын өндөр наслах субьектив магадлалууд нь ижилхэн бага байх хандлагатай. Хоёрдох нөлөө буюу бэлэвсрэхийн нөлөө нь хосуудын нэг нь нас барснаар бэлэвсэрч үлдэж буй эхнэр/нөхрийнхөө өндөр наслах магадлалыг бууруулдаг нөлөөг хэлдэг. Стресст орох, гашуудах, сэтгэл гутралд орох, ганцаардах зэрэг сэтгэл зүйн сөрөг нөлөөллүүд нь бэлэвсэрсэн хүний өндөр наслах  магадлалыг бодитоор бууруулдаг. Мөн түүнчлэн, бэлэвсэрсэн хүмүүс эхнэр/нөхрөө нас барсны дараах сэтгэл зүйн сөрөг нөлөөлөл нь эрүүл мэндэд нөлөөлнө гэж үзэн өөрийн өндөр наслах хүлээлтээ өөрчилдөг.  

HRS тоон өгөгдөл нь судалгаанд хамрагдсан хосуудын нас баралтын тоон мэдээллээс гадна хосуудаас өндөр наслах субьектив магадлал буюу өөрсдийнх нь үнэлэмжийг асуулгын аргаар цуглуулдаг. Судлаач Лхагваагийн хувьд HRS тоон өгөгдлийн 1992-2016 оны мэдээллийг ашиглажээ. Өндөр наслах субьектив магадлалыг хэмжихдээ тодорхой зорилтот нас хүртэл амьдрах магадлалаа тухайн хүн хэд гэж үнэлж буйг асуух замаар тодорхойлдог. Тухайлбал, 64-66 настай хүмүүсээс 75 хүртэл, 68-70 настай хүмүүсээс 80 хүртэл наслах магадлалаа хэд гэж үнэлж буйг нь асуудаг. HRS нь панел учраас судалгаанд оролцсон хосууд хоёулаа амьд байх үедээ үнэлсэн наслах магадлалыг хэрэв бэлэвсэрсэн бол энэ нь хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулах боломжтой. 

Багана (1)-д одоогийн нас хүртлээ амьдарсан хүний хувьд тухайн зорилтот нас хүртэл амьдрах насжилтын хүснэгтний магадлалыг харуулж байна. Баган (4) болон (7)-д оролцогчдын гэрлэсэн болон бэлэвсэрсэн статусаар нь тодорхой зорилтот насанд хүрэх магадлалаа үнэлсэн байдлыг харуулж байна.

Хосуудын хувьд нийгэм, эдийн засгийн шинж чанараараа ижил хэдий ч бэлэвсэрсэн хүмүүстэй харьцуулахад нас барах обьектив болон субьектив магадлал аль аль нь бага байдаг нь уг судалгаагаар батлагдсан байна. Өөрөөр хэлбэл бэлэвсрэх нөлөө бодит байдалд нөлөөлөхийн зэрэгцээ хосууд бэлэвсрэх нөлөөг өөрийн наслалтад нөлөөлдөг гэж үздэг байна. Гэхдээ бэлэвсрэх нөлөө эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд ялгаатай байдаг ажээ. Тухайлбал, эрэгтэйчүүдийн хувьд эхнэрээ нас барсны дараа нас барах субьектив магадлал нь наснаасаа үл хамааран өсдөг. Харин 55-аас доош настай эмэгтэйчүүдийн хувьд энэ нөлөө бага бөгөөд статистикийн хувьд ач холбогдолгүй, 55-аас дээш насны эмэгтэйчүүдийн хувьд бэлэвсрэлийн нөлөө өндөр бөгөөд статистик ач холбогдолтой гарчээ. Хосуудын өндөр наслах обьектив болон субьектив магадлалын хооронд эерэг хамаарал байгаагийн 60-98 хувийг бэлэвсрэх нөлөө, үлдсэн хэсэг ажиглагддаг болон ажиглагдахгүй бусад нийгэм, эдийн засгийн шинж чанаруудаар тайлбарлагддаг байна[1].

Хосуудын нас барах обьектив магадлалын шинжилгээнээс зарим нэг анхаарал татах үр дүн байна. Тухайлбал, өрхийн орлого[2] нэг хувиар өсөх нь эрэгтэй (эмэгтэй) хүний нас барах обьектив магадлалыг 9.2 (10.9) хувиар бууруулдаг бол тамхи татах нь эрэгтэй (эмэгтэй) хүний нас барах обьектив магадлалыг 36 (39) хувиар өсгөдөг. Мөн боловсролын түвшин дээшлэхийн хэрээр нас барах магадлал буурдаг байна. Хүмүүс нас ахихын хэрээр нас барах субьектив магадлал нь обьектив магадлалтайгаа харьцуулахад өсөлт нь удааширдаг ажээ. Өөрөөр хэлбэл, хүмүүс нас залуу байх тусмаа гутранги байдаг буюу өндөр наслах магадлалаа доогуур үнэлдэг байна. 

Өрхийн орлогын наслалтад үзүүлэх нөлөөг эрэгтэй хүмүүс илүү зөвөөр үнэлдэг бол эмэгтэйчүүд энэ нөлөөг дутуу үнэлдэг байна. Бакалаврын болон бүрэн дунд боловсролтой хүмүүс өөрсдийн нас барах магадлал дахь боловсролын нөлөөг илүү зөв тооцоолдог бол тамхи татдаг хүмүүс тамхины нөлөөг бодит байдлаас дутуу үнэлдэг гэх мэт сонирхолтой үр дүн субьектив магадлалын шинжилгээнээс харагдана. 

Судалгааны бас нэгэн сонирхолтой хэсэг нь субьектив мэдээлэл нь хэр алдаатай байгааг шинжилсэн явдал юм. Энэ нь судалгаанд оролцогчид өндөр наслах магадлалаа мэдээлэхдээ ойролцоолж, цөөн үгээр хариулах хандлага болон нийгэм, эдийн засгийн шинж чанараас магадлалын хэмжилтийн алдаа өөр өөр байсан явдал юм. Тухайлбал, хариулт өгөхдөө хэлсэн үгийн тоо нь олон байхын хэрээр хэмжилтийн алдаа бага байсан бол наслах магадлалаа 50-таар багцаалдаж хэлж байсан оролцогчдын хэмжилтийн алдаа өндөр байсан байна. Ахлах сургууль төгссөн болон бакалаврын боловсролтой хүмүүсийн хэмжилтийн алдаа ахлах сургууль төгсөөгүй хүмүүстэй харьцуулахад бага. Мөн 1945 оноос өмнө төрсөн хүмүүсийн хувьд өндөр наслах магадлалын хэмжилтийн алдаа ихтэй байжээ. 

Судлаач Лхагваа багаараа хийсэн энэхүү судалгаа гэрлэсэн хосуудад өндөр наслах магадлалаа зөв үнэлэхэд үнэ цэнтэй мэдээлэл өгч байна. Хэдэн жил амьдрахаа зөв тооцоолох нь хөрөнгөө үлдсэн амьдралдаа оновчтой хуваарилах шийдвэрт чухал нөлөөтэй. Тухайлбал, наслах магадлалаа хэт гутранги төсөөлж байгаа хүн оновчтой хэмжээнээсээ хэтрүүлж хэрэглэснээр өндөр насандаа орлого нь буурч, ядууралд өртөх, өөрийн эхнэр/нөхөртөө бага хөрөнгө өвлүүлж үлдээх гэх мэт эрсдэлтэй. Хүмүүс хэдийгээр бэлэвсрэх нөлөөг тооцоолж эхнэр/нөхрөө нас барсны дараа өөрийн наслах магадлалаа өөрчилдөг боловч бэлэвсрэлийн нөлөөг бодит байдлаас дутуу тооцоолдог нь судалгаанаас харагджээ. Тиймээс хосууд хоёулаа амьд байх үед энэ нөлөөний тухай мэдээлэл хүргэснээр бэлэвсрэлийн нөлөөтэй холбоотой эрсдэлийн эсрэг тодорхой арга хэмжээ авах боломжтой юм. Мөн түүнчлэн, бэлэвсрэлийн нөлөөний сөрөг үр дагаврыг бууруулах зорилгоор эхнэр/нөхөр нь нас бараад удаагүй байгаа хүмүүст зориулсан дэмжих бодлогыг хэрэгжүүлж болохыг судалгаанд дурдсан байна. 

Судалгааны  ажлын дэлгэрэнгүйг эндээс уншина уу. Судалгааны ажлын хэлэлцүүлэгт оролцох  хүсэлтэй бол энд дарж судалгааны семинарын тухай мэдээллийг авна уу. 

[1] Энэ задаргааг хийхдээ Gourieroux & Lu, 2015, Insurance: Mathematics and Economics  -н аргачлалыг ашигласан.

[2] Ам бүлийн тоогоор засварласан орлого

Previous
Previous

Эн Ар Си Си судалгааны семинар амжилттай болж өнгөрлөө

Next
Next

Эн Ар Си Си Судалгааны семинар амжилттай болж өнгөрлөө