Финтек хэрэглэгчдийн зан төлөв ба сэтгэл зүй

Зээлийн төлөлтөө хугацаанд нь төлдөг болон төлдөггүй зээлдэгчид зан төлөв, сэтгэл зүйн хувьд хэр их ялгаатай байдаг вэ? Зээлээ хугацаанд нь төлдөг хэрэглэгч нь төлдөггүй хэрэглэгчдээс бусдын өмнө болон өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх чадвар, мөнгөнд хандах хандлага, азад бус өөрт найдах, ур чадвартаа анхаарах байдал болон хариуцлага алдах айдас зэрэг хувь хүний сэтгэл зүйн онцлог байдлаараа ялгаатай байдаг байна. 

Судлаач Г.Мандухай нь бусад судлаачдын хамтаар zeely гар утасны аппликейшн ашиглан зээл авсан хүмүүсийн их тоон өгөгдөлд тулгуурлан финтек хэрэглэгчдийн зан төлөв болон сэтгэл зүйг судалж, сонирхолтой үр дүнг танилцуулжээ.

Zeely нь сэтгэл зүйд суурилсан, харилцагчийг таних дэвшилтэт технологийг агуулсан цахим зээлийн аппликейшн юм. Энэхүү бизнес загварын зорилго нь орлого бага, эсвэл орлогоо нотлох боломжгүй, зээлийн түүхгүй, цахим банкны мэдээллээ нууцлахыг хүсдэг зэрэг асуудлаас үүдэн зээл авч чаддаггүй, эсвэл эд хөрөнгөө барьцаалан өрийн дарамтад унах эрсдэлтэй иргэдийн хариуцлагатай зан чанарт тулгуурлан зээл олгох юм.   

Zeely аппликейшний нийт хэрэглэгчдийн 60.5 хувь нь орлогын үзүүлэлт, нотолгоо, бичиг баримт шалгуурт нийцээгүй гэсэн үндэслэлээр бусад санхүүгийн байгууллагаас зээл авч чадаагүй иргэд байдаг байна. Энэхүү аппликейшн нь зан төлөвийн эдийн засаг, сэтгэл судлалын шинжлэх ухаанд суурилан боловсруулсан хариуцлагатай зээлдэгчийг урьдчилан тодорхойлох сэтгэл зүйн тестийг (психометрик) Монголд анхлан нэвтрүүлжээ.

Сэтгэл зүйн үнэлгээ нь бие хүний сэтгэхүйн чадамж болон зан байдлын хэв загварыг хэмжих зорилготой статистикийн болон судалгааны хэмжигдэхүүн юм. Психометрик нь хүний нөөцийн салбарт ажил горилогчийг шалгаруулах үр дүнтэй арга хэрэгсэл хэмээн батлагдсан тул үүнийг зээлдэгчийн хувь хүний зан төлөвийг судлахад зориулан ашиглах болсон байна. Зээлдэгчийн зан төлөв, эргэн төлөлтийн хандлагад тухайн улс орон, үндэстний сэтгэл зүйн онцлог, газар нутгийн соёл, үнэт зүйл, нийгмийн хэм хэмжээ нөлөөлдөг (Attitudes Toward Debt and Debt Behaviour, 2016). Иймээс Монгол хүний хариуцлага, зарчимч, хэлсэн үгэндээ эзэн байх төлөвийн зан төлөвийн онцлогийг судлаачид фокус бүлгийн ярилцлага, туршилт асуумжийн судалгаанд тулгуурлан тодорхойлж, цогц сэтгэл зүйн тестийг боловсруулсан байна.

Судалгаанд цахим зээлийн аппликейшн ашиглан зээл авсан 10615 хэрэглэгч хамрагдсан бөгөөд 57 хувь нь эмэгтэй, 43 хувь нь эрэгтэй хэрэглэгчид байжээ. Хэрэглэгчдийн дундаж нас 30.9 ба үүнээс 17 хувийг 18-23 насныхан, 34 хувийг 24-29 насныхан, 23 хувийг 30-34 насныхан, 11 хувийг 35-39 насныхан, 7 хувийг 40-44 насныхан, 7 хувийг 45-аас дээш насныхан эзэлж байна. Мөн түүнчлэн, нийт хэрэглэгчдийн 48 хувь нь дээд, 36 хувь нь бүрэн дунд, 16 хувь нь бүрэн бус дунд болон мэргэжлийн тусгай дунд боловсролтой байжээ.

Судалгааны үр дүнд зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлдэг хэрэглэгчид бусдын болон өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх чадвар сул, хариуцлагаа бусдад тохох хандлагатай байгаа нь ажиглагджээ. Хариуцлагаа бусдад тохох хандлагыг “хэрвээ ямар нэг сайн дохио гарч ирвэл аз ирэх гэж байна гэж боддог” буюу өөрт тохиолдох зүйлст гаднын нөлөө их гэж боддогоор хэмжжээ. Мөн түүнчлэн, зээлээ хугацаанд нь төлдөг хариуцлагатай хэрэглэгчид өөрийгөө дайчлах чадвар сайтай буюу ажил эхлүүлэхэд хэн нэгний шахалт хэрэггүй буюу өөрийн амьдралд өөрөө л хариуцлага үүрнэ гэсэн үзэлтэй байдаг байна.

Судалгааны өөр нэг сонирхолтой үр дүн бол зээлдэгчдийн мөнгөнд хандах хандлага зээлээ хугацаандаа төлдөг болон төлдөггүй хэрэглэгчдээр ялгаатай байжээ. Тухайлбал, их мөнгө аз жаргалтай болгодог гэж үздэг хэрэглэгчдийн 60 хувь нь зээлээ хугацаандаа төлдөггүй бол мөнгийг үрэхээс илүү хадгалдаг хэрэглэгчдийн 50 хувь нь зээлийн хугацаагаа хэтрүүлдэг байна. Хариуцлагатай зээлдэгчид бусадтай харилцахдаа мөнгөтэй эсэхэд анхаардаггүй, ялгаваргүй ханддаг, бусдыг үнэлэхдээ эд хөрөнгөтэй эсэхийг чухалчилдаггүй ажээ. Мөн мөнгө багатай ч амьдралаа зохицуулах боломжтой гэх хандлага хариуцлагатай зээлдэгчдийн дунд хугацаа хэтрүүлдэг зээлдэгчдээс 40 хувиар илүү илэрсэн байна. Мөнгөний талаарх сөрөг хандлага буюу мөнгийг тахин шүтэх, мөнгө ашиглан санасандаа хүрч болно гэх итгэл үнэмшил хариуцлагагүй буюу хугацаа хэтрүүлдэг харилцагчдад түлхүү илэрчээ.     

Судалгааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 5 дугаар сарын 25-ны 18.00 цагт болох Эн Ар Си Си судалгааны семинарт энд дарж оролцох боломжтой. Мөн дэлгэрэнгүй тайланг энд дарж унших боломжтой.

Previous
Previous

Эн Ар Си Си судалгааны семинар амжилттай болж өнгөрлөө

Next
Next

Эн Ар Си Си мэдээгээр