Бүтцийн өөрчлөлтийн мэдээллийг ашиглан хугацаан цувааг таамаглах

Энэхүү нийтлэлээр А.Гантунгалаг,  Д.Р.Озборн нарын “Бүтцийн өөрчлөлтийн мэдээллийг ашиглан хугацаан цувааг таамаглах” нэртэй өгүүллийг танилцуулж байна. Ойрын эсвэл холын ирээдүйд юу болохыг таамаглах хэрэгцээ хүн бүрт л байдаг. Бизнесийнхэн төсвөө хуваарилах, ирэх хугацааны орлого, зардлаа үнэлэхэд прогноз шаардагддаг бол төрийн байгууллагууд бодлого, хөтөлбөр боловсруулахад прогноз шаардагддаг. Өнгөрсөн болон одоогийн үйл явдлын тухай мэдээлэл, тоон өгөгдөлд үндэслэн ирээдүйд юу болохыг таамаглахыг прогноз хийх гэдэг. Прогноз өргөн хэрэглээтэй хэдий ч, сайн прогноз хийх амаргүй байдаг.

Судалгаанд өгүүлснээр макро эдийн засгийн үзүүлтүүд буюу хугацаан цувааны прогнозыг хүндрүүлдэг гол бэрхшээлүүдийн нэг нь бүтцийн өөрчлөлт юм. Эдийн засагт байнгын бүтцийн өөрчлөлт түгээмэл тохиолдох бөгөөд энэ нь аливаа эдийн засгийн үзүүлэлт хугацааны тодорхой нэг үед шинж чанараа гэнэт өөрчлөн эргэж хуучин төлөвтөө очихгүй байхыг хэлнэ. Бүтцийн өөрчлөлт бий болсноор өөрчлөлтийн өмнөх болон дараах үеүдийн хооронд ихээхэн ялгаа үүсч, өөрчлөлтийн өмнөх үеийн мэдээлэл ирээдүйн прогноз хийхэд ач холбогдол багатай болдог. Бүтцийн өөрчлөлттохиох нь дотоод (системийн өөрчлөлт, бодлогын нөлөө, хэмжилтийн аргын өөрчлөлт гэх мэт) эсвэл гадаад (дэлхийг хамарсан цар тахал, улс хоорондын дайн гэх мэт) шалтгаантай байж болно.

Эх үүсвэр: ҮСХ-ны Статистикийн мэдээллийн нэгдсэн сан. Тайлбар: Зургийг ЭН АР СИ СИ судалгааны семинарын хялбаршуулсан нийтлэлд зориулан зурсан.

А.Гантунгалаг,  Д.Р.Озборн нарын энэ ажил нь прогнозыг сайжруулах шинэлэг аргачлалуудыг санал болгосон бөгөөд аргачлалуудын үр дүнтэй байдлыг зохиомол (симуляци хийгдсэн) болон бодит тоон өгөгдлүүдэд тулгуурлан бусад нийтлэг ашиглагддаг прогноз хийх аргачлалуудтай харьцуулан харуулсан байна. Судалгаанаас үзэхэд хугацаан цувааны бүтэц хэзээ, хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэх нь тохирох аргыг сонгож, прогнозын нарийвчлалыг сайжруулахад чухал ач холбогдолтой ажээ. Гэвч бүтцийн өөрчлөлт тохиосон хугацааг нарийвчлал сайтай илрүүлэх, өөрчлөлтийн хэмжээг тодорхойлох нь олон шалтгааны улмаас маш хүндрэлтэй байдаг байна.

Тэд бүтцийн өөрчлөлтийг нарийвчлал сайтай илрүүлэх 2-шатлалт тестийг санал болгосон. Түүнчлэн прогноз хийхдээ бүтцийн өөрчлөлт тохиосон хугацааны цэгэн үнэлгээг бус түүнд харгалзах итгэх интервалд суурилсан прогнозын комбинацуудыг ашиглахыг судлаачид санал болгосон байна.

Судалгааны үр дүнд зохиогчдын санал болгосон итгэх интервалд суурилсан прогноз хийх аргачлал нь тус судалгаанд авч харьцуулсан бусад аргачлалуудтай харьцуулахад бүтцийн өөрчлөлтийн хэмжээнээс үл хамааран прогнозын нарийвчлалыг сайжруулж байгааг харуулжээ. Цаашилбал бүтцийн өөрчлөлтийг илрүүлэх 2-шатлалт тестийг ашигласнаар нийтлэг ашиглагддаг бусад аргачлалуудын хувьд ч тэдгээрийн таамаглалын алдаа буурч болохыг харуулсан байна.

Судлаач А.Гантунгалаг,  Д.Р.Озборн нарын хийсэн энэхүү судалгааны ажил Empirical Economicsсэтгүүлийн 2022 оны 11 сарын дугаарт хэвлэгдсэн. Та уг ажлыг эхээр нь эндээс унших боломжтой. Уг судалгааны ажлыг 2023 оны 3 сарын 1-ний өдрийн 18:00 цагт болох ЭН АР СИ СИ судалгааны семинарт судлаач Гантунгалаг хэлэлцүүлэх тул судлаачаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, санал солилцохыг хүсвэл эндээс семинарын мэдээллийг аваарай.

 

Previous
Previous

КОВИД-19 цар тахлын үеийн эрүүл мэндийн зарим бодлогыг үнэлэх нь

Next
Next

Хэрэглэгчийн итгэлийн индекс - 2022 оны 4-р улирал