ХҮНИЙ ЭРХИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ИРГЭНИЙ НИЙГМИЙН ОРОЛЦОО

Эх орны өнцөг булан бүрээс оролцож байгаа хүний эрхийн хамгаалагчид аа,

Зочид төлөөлөгчид өө,

Та бүхэнд Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жил, Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэнд өргөн дэвшүүлье!

Хүний эрхийн асуудалд анхаарал хандуулж, Хүний эрхийн форумыг жил бүр зохион байгуулахаар болсныг иргэний нийгмийн зүгээс талархан хүлээж авсан бөгөөд тус форумыг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлсэн бүх талуудад талархсанаа илэрхийлье. 

Энэ хүндтэй Форумын индэр дээрээс иргэний нийгмийн байр суурийг илэрхийлэх боломж олгосонд талархахын ялдамд энэхүү илтгэлийг Хүний эрхийн форумын нийт гишүүдтэйгээ зөвлөлдөж бэлтгэсэн гэдгээ хэлэхэд таатай байна. Тус Хүний эрхийн Форум нь 2010 оноос хойш 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдүгээ 60 орчим хүний эрхийн ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалахын төлөө нэгдсэн, үндэсний болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эвсэл билээ. 

Нэг. Илтгэлийн эхний хэсэгт хүний эрхийн салбарт гарч буй ахиц дэвшил, ололт амжилтыг онцлон тэмдэглэе.

Парламентын ардчиллыг төлөвшүүлэх, засаглах эрхийг хангах, шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагыг бэхжүүлэх хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, үүнийг дагаад шүүхийн хууль тогтоомж, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль шинэчлэн батлагдаж, улмаар бусад хуулийн шинэчлэл ид өрнөж байна. Энэ ялдамд шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан санаачилга чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэж байна.

Хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх хүрээнд ХЭҮК-ын хараат бус байдлыг бататгасан, гишүүдийн сонгон шалгаруулалтыг ил тод, олон нийтийн оролцоотой болгосон, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцооны эрх зүйн үндсийг тогтоосон зэрэг дэвшилтэт зохицуулалтууд ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар батлагдсаныг онцолж байна. Тус хуулийн хүрээнд ХЭҮК-ын гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгосон бөгөөд нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг анх удаа хийсэн нь түүхэнд тэмдэглэгдэх чухал үйл явдал болсон юм. Мөн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан Азийн анхны орон болсон.

Хүмүүнлэг иргэний нийгмийг байгуулахаар зорьж байгаа Монгол Улсын тухайд төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог баталгаажуулж, зохицуулалтын чанарыг нэмэгдүүлэх зорилгоор  хууль тогтоох, захиргааны шийдвэр гаргах үе шатыг стандартчилж, иргэдийн оролцооны арга хэрэгслүүд болох зөвлөлдөх санал асуулгын тухай, нийтийн сонсголын тухай, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг баталсныг онцлон дурдахыг хүслээ. Оролцоо бол хүний эрхийн суурь зарчим, нөгөө талаас хүний эрх билээ.

Мөн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хүрээнд эрүүгийн эрх зүйн шинэчлэл эрчимтэй өрнөж, Эрүүгийн хууль тогтоомж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн хууль тогтоомжийг шинээр баталсан нь хүний эрхийг хамгаалах төрийн чухал зорилтыг бататгасан хэрэг юм. Эдгээр хууль нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах, халдашгүй байх, шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаажуулахад гол хөшүүрэг болдог. 

Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлсэн, зайнаас ажиллах, гэрээс ажиллах, бүрэн бус цагаар ажиллах зэрэг хөдөлмөрийн шинэ харилцааг зохицуулсан, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг баталгаажуулах дэвшилттэй зохицуулалт агуулсан, ажлын байрны бэлгийн дарамтыг хориглосон, хөдөлмөрийн харилцааны гурван тал хамгийн боломжит түвшинд зөвшилцөлд хүрч боловсруулсан хөдөлмөрийн шинэ хуультай болсныг онцлон тэмдэглэж байна.

Хоёр. Илтгэлийн дараагийн хэсэгт хүний эрхийн тулгамдсан асуудлыг хөндөе. Бид болохгүй, бүтэхгүй байгаа зүйлээ илэн далангүй ярилцаж байж, оновчтой шийдэл, зөв гарцыг олох билээ.

Хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хуулийн зохицуулалтыг бий болгосон ч хэрэгжилт хангалтгүй байгааг анхаарах шаардлагатай байна. Тухайлбал, Монгол Улс НҮБ-ын ЭШЭК-ийн Нэмэлт протоколыг соёрхон баталснаас хойш 6 жил, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоо байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлснээс хойш 2 жил өнгөрч байгаа ч хариуцсан гишүүнийг одоог хүртэл томилоогүйн улмаас энэ чухал бүтэц ажиллаж эхлээгүй байгаад бид шүүмжлэлтэй хандаж байна. Мөн ХЭҮК-ын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр томилсноос хойш 1 жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч одоог хүртэл даргыг томилоогүй байгаа нь ХЭҮК-ын хараат бус байдал бүрэн хангагдаагүй байна гэх эргэлзээг төрүүлж байна. Үүний зэрэгцээ Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх асуудал орхигдсон байгааг анхаарах шаардлагатай.

Иргэдийн оролцоог олон хууль тогтоомжоор баталгаажуулсан нь сайшаалтай ч хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж байж үр шимийг хүртэх билээ. Чанартай хууль батлах, хууль тогтоох явцад иргэдийн оролцоог бататгах зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуулийг 2015 онд баталж, 2017 онд мөрдөж эхэлсэн. Хэдий хууль тогтоох явцыг нарийвчлан журамласан ч хэрэгжилт төдийлөн хангалттай биш явж ирсэн. Гэтэл тус хуульд 7 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар тус хуулийн 12.2-т 20 гаруй чиглэлийн хууль тогтоомжийг батлахдаа хуульд заасан судалгаа, үнэлгээг хийлгүй, иргэд, холбогдох талын оролцоог хангалгүй батлахаар байгаа нь нэг үгээр хэлбэл “хуулийн хонгил” бий болгожээ. Улмаар тус заалтын дагуу ямар ч хуулийг тус хонгилоор оруулан баталж болохоор байгаа нь хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хангах, хамгаалах төрийн чиг үүргийг гажуудуулж болзошгүй. Тиймээс хуулийн энэ гажуудлыг залруулж, хууль тогтоомжийг ил тод, нээлттэй, олон нийтийн оролцоог хангах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх зарчмыг нэг мөр баримтлан боловсруулж, батлахад анхаарал хандуулах нь зүйтэй.

Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хүний эрхийг зөрчихгүй байх баталгааг хуулиар бүрдүүлж, Захиргааны ерөнхий хуулийг баталсан хэдий ч цар тахлын үед тус хуулийг хэрэгжүүлэх байдал тун сул байна. Үүнийг нэг хуулийн жишээн дээр тайлбарлая. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг МУИХ 2020 оны 4 дүгээр сард баталж, хүний эрхийг хязгаарлах тохиолдолд тавих шаардлагыг тогтоож өгсөн нь хүний эрхийн үүднээс тун чухал алхам болсон. Тус хуулиар 10 гаруй субъектэд захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгосон бөгөөд хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2-5 сарын дараа 6, 6-10 сарын дараа 9 журам батлагдаж, 1 журам одоог хүртэл батлагдаагүй хэвээр байна. Захиргааны ерөнхий хуулийн дагуу хэм хэмжээний актаа хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, хянуулан, бүртгүүлэх үүрэг хүлээсэн субъектүүдийн хувьд 1 журмыг л тус хуулийн дагуу хянуулж бүртгүүлжээ. Ийнхүү нарийвчилсан журам батлагдахгүй, эсхүл удаан хугацааны дараа батлагдаж байгаа нь тухайн харилцааг зохицуулах шаардлагагүй гэсэн үг биш бөгөөд энэ явцад тодорхой хүний эрх зөрчигдөх, иргэд, хууль сахиулах байгууллагын хооронд үл ойлголцол үүсэх, асуудалд албан тушаалтнууд үзэмжээр хандах зөрчлийг дагуулсан нь судалгаа, мониторингийн дүнгээр баталгаажаад байна. Тиймээс хуулиар захиргааны хэм хэмжээний акт гаргах үүрэг хүлээсэн этгээд нэн даруй батлах, ХЗДХЯ хуулийн дагуу хянаж, бүртгэн, шийдвэрийг олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд онцгой анхаарах шаардлагатай.

Төрийн ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэхэд мэдээллийн ил тод байдал ус агаар мэт чухал байтал энэ чиглэлийн эрх зүйн орчныг бүрхэгдүүлсэн, төр, албаны нууцад хамаатуулсан мэдээ эрс нэмэгдсэн, мэдээлэл олж авах боломжийг хязгаарласан зохицуулалт бүхий хуулийн төслүүд яригдаж байгаа зэргээс үзэхэд МУҮХ-иар баталгаажуулсан иргэдийн мэдэх эрхийг зөрчиж буй хэрэг юм. Энэ нь хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх, гарсан даруйд залруулах боломжийг хязгаарлаж, улмаар хүний эрхийн зөрчил ужгирах сөрөг үр дагаврыг дагуулах нь тодорхой.

Цар тахлын үед хамгийн их зөрчил дагуулж байгаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсах цуглах эрхийг хангах, хамгаалахад онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. НҮБ-аас цар тахлын үед халдвар, аюулгүй байдлын дэглэмээ сахисан аливаа жагсаал, цуглаан, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлахгүй байх, тэр дундаа цахим орчинд энэ эрхээ эдлэхэд саад учруулахгүй байхыг зөвлөсөөр байгаа билээ. Учир нь эдгээр эрх нь нэг талаас хүний эрх, нөгөө талаас бусад эрх, эрх чөлөөгөө эдлэх, зөрчигдөхөөс хамгаалах гол баталгаа болдог. 

Хүн бүр сурч боловсрох эрхтэй, ингэхдээ хүртээмжтэй, хүрэлцээтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, чанартай боловсролыг шаардах эрхтэй. Харамсалтай нь цар тахлын улмаас боловсролын салбар дах тэгш бус байдал гүнзгийрсэнд бид маш их санаа зовж байна. Та бид бүгд мэдэж байгаа 2020 он, 2021 оны эхний хагаст бүх шатны боловсролын байгууллагын хичээл цахимаар орсон. Энэ үед төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд хичээл сургалтын үйл ажиллагааг бараг явуулалгүй, нэгдсэн журмаар явагдаж байгаа цахим хичээлийг хүүхдүүддээ санал болгож байсан бол хувийн өмчийн сургуулиуд цахим платформыг нэн яаралтай нэвтрүүлж, сурагчидтайгаа багш нар нь цахимаар харилцан, хичээл сургалтаа явуулж байлаа. Тиймээс төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, интернэт, телевизгүй, байлаа ч нэг айлын олон хүүхэд суралцдаг, эсхүл малчдын хүүхдүүд, бусад эмзэг бүлгийн хүүхдүүд энэ хугацаанд сурч боловсрох эрхээ эдэлж чадсангүй гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Энэ хичээлийн жилээс төрийн өмчийн сургуулиуд цахим, танхим хослуулан явж байгаа бол хувийн өмчийн сургуулиуд танхимаар хичээллэж байгаа. Төрийн өмчийн сургуулийн цахим хичээлийн чанар, агуулга асуудал дагуулсаар байна. Энэ хоцрогдол, ялгаатай байдлыг бид хэзээ, хэрхэн арилгах вэ?

Дараагийн анхаарах асуудал бол нийгмийн цөөнх бүлгүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалт амь бөхтэй оршсоор байгаа, тэр дундаа цар тахлын үед энэ нь улам даамжирч байгаа бөгөөд ялгаварлан гадуурхалтад өртсөн хохирогч эрхээ сэргээлгэх үр нөлөөтэй механизм бүрдээгүй байгаа нь энэ төрлийн зөрчлийг улам гааруулж байна. Энэ дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ноцтой зөрчигдөж байгааг анхаарах шаардлагатай.

Монгол Улсыг дэлхийд таниулсан нүүдэлч ахуй соёлыг тээгчид бол хүн амын 25 хувийг эзэлж байгаа малчид билээ. Гэвч хэдэн зууны туршид нүүдэллэн ирсэн бэлчээрийн эрх нь баталгаажаагүйн улмаас уул уурхай, дэд бүтцийн төсөл хөтөлбөрийн хүрээнд тэдний эрхийг хөсөрдүүлэх байдал газар авсаар байгаа ч, тэд эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа шийдвэрт оролцох боломж сул, өргөн уудам нутагт тархан суурьшсан тул эрхээ хамтран шаардах боломж хязгаарлагдмал байгааг анхаарахгүй орхих аргагүй.

Төрөөс халамж шаардаж суулгүй, өөрийн амьдралыг авч явахын төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид нь цар тахлын шуурганд хамгийн их өртөж байна, учир нь төрөөс гаргаж буй гэнэтийн шийдвэрүүд, хил гааль дээр гацсан бараа, түүхий эдээ авч чадахгүй хэдэн сар болж байгаа зэргээс үүдэн тэд улам бүр хүнд байдалд орж байгаа тул тэдний асуудлыг шуурхай шийдэхэд анхаарал хандуулах шаардлагатай. 

Төрийн ил тод хариуцлагатай байдлыг сулруулж, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахад учруулдаг нийгмийн хамгийн ноцтой сөрөг үзэгдэл бол авлигын гэмт хэрэг юм. Гэвч тус гэмт хэрэгт хүлээлгэх ял шийтгэл хөнгөн, хөөн хэлэлцэх хугацаа богино, ял наймаалцах боломжтой байгаа зэрэг нь гэмт этгээдэд ял завших боломж олгож байгааг анхаарч зохих нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуульд оруулах нь зүйтэй. Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хохирогчийн эрхийн хамгаалалт дээшилнэ, хохирол барагдуулалт 70 хувь хүртэл өснө хэмээх хүлээлт байсан ч хууль хэрэгжээд 4 жил гаруй болох хугацаанд энэ чиглэлээр дорвитой ахиц гарсангүй. Статистик мэдээнээс үзвэл 2020 онд шүүхээр шийдвэрлэгдсэн хохирлын нөхөн төлөлт 13 хувьтай байгаа бөгөөд өмнөх оноос 56 пунктээр буурчээ. Иймд энэ асуудалд төр онцгой анхаарал хандуулах нь зүйтэй.

Иргэний нийгэм бол хөгжлийн эрх тэгш оролцогч байтал үүнийг хүлээн зөвшөөрөх байдал сул, гаргасан санал, шүүмжийг үйл ойшоох хандлага амь бөхтэй оршсоор байна. ТББ-ын тухай хуулийг шинэчлэн найруулах ажил эхлээд 10 орчим жил болж байгаа ч өнөөдрийг хүртэл нийгэмд гүйцэтгэх үүргээ чөлөөтэй хэрэгжүүлэх боломжийг бүрэн хангахуйц төсөл боловсруулагдаагүй, үүний зэрэгцээ хууль санаачлагч, ТББ-ын хооронд зарчмын зөрүүтэй байр суурийг нэгтгэх асуудалд ахиц дэвшил гарахгүй байгаа, төсөл боловсруулах явцад ТББ-ыг нэр төдий оролцуулж байгааг анхаарах шаардлагатай. 

Гурав. Илтгэлийн төгсгөлийн хэсэгт олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтыг биелүүлэх асуудал болон Форумтай холбоотой зарим асуудлыг хөндлөө.

Монгол Улс НҮБ-ын гишүүн улсын хувьд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа шударгаар сахин биелүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл, гэрээний хороод, тусгай илтгэгчдээс олон тооны зөвлөмжүүд хүлээн авсан ч эдгээр зөвлөмжийг цогцоор харж, үндэсний хүний эрхийн тогтолцоогоо бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хангах, хамгаалах үйлсэд анхаарч авч үздэггүй, тэр ч байтугай НҮБ-ын ХЭЗ-ийн зөвлөмжөөс бусад зөвлөмжийн дийлэнхийг монгол хэл рүү хөрвүүлэхгүй явж ирсэн. Энэ нь хүний эрхийн олон зөрчлийг засч залруулах, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх боломжийг алдагдуулж буй хэрэг юм. Харин сүүлийн жилүүдэд ХЗДХЯ, ГХЯ, ХНХЯ энэ чиглэлээр иргэний нийгмийн байгууллагатай идэвхтэй зөвлөлдөх болсныг сайшаан тэмдэглэе. Цаашид НҮБ-ын хүний эрхийн механизмаас ирүүлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үр нөлөөтэй, салбар дундын зохицуулалтын механизм бүрдүүлэх шаардлагатай бөгөөд үүндээ иргэний нийгмийн оролцоог хангах нь зүйтэй.

Цар тахлын үеийн нөхцөл байдал ганц монголоор тогтохгүй дэлхий нийтэд хүнд сорилт авч ирж байгаа энэ цаг үед хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг эргэн харж, тухайн бодлогын баримт бичгийг цаашид хэрхэхийг өргөн олон нийтийн оролцоотой авч үзэх шаардлагатай хэмээн үзэж байна.

Төгсгөлд нь хэлэхэд Форумыг жил бүр зохион байгуулах санаачилгыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд ингэхдээ форумаас гарсан зөвлөмж, саналыг хэрэгжүүлэхэд анхаарч, ирэх форумаар өмнөх форумын зөвлөмжийн биелэлтийг шүүн хэлэлцэж, холбогдох арга хэмжээ авч ажилладаг байж гэмээ нь хүний эрхийн салбарт ахиц дэвшил авч ирнэ гэдгийг онцлон тэмдэглэж байна. 

Форумаас эх орны өнцөг булан бүрт амьдарч буй хүн бүрийн эрхийг баталгаажуулах үнэтэй санал, санаачилга гарна гэдэгт итгэлтэй байна. Нийт оролцогчдодоо амжилт хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

Previous
Previous

Малчдын хамтын ажиллагаа бэлчээрийн чанарт нөлөөлдөг үү?

Next
Next

ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН