Малчдын хамтын ажиллагаа бэлчээрийн чанарт нөлөөлдөг үү?

Бэлчээр ашиглагч малчдын бүлгийн тоо болон хамтын ажиллагаа нь бэлчээрийн чанарт чухал нөлөөтэй болохыг судлаач Эрдэнэчулуун, Heijman, Heerink болон Бакей нарын судалгаанд дүгнэжээ. 

Монголын мал аж ахуйн салбар 1960-1990 оны хооронд буюу социалист тогтолцооны үед нэгдлийн системээр ажиллаж, төрийн хяналттай хөгжиж ирсэн. Энэ үед бэлчээрийн газар, ус зэрэг байгалийн нөөцийн хуваарилалт, малчид бэлчээр сэлгэн нүүдэллэх зэрэг нь улсын хатуу хяналт, зохицуулалт дор шийдэгддэг байв. Харин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд оноос нэгдлийн систем задарч, малыг иргэдэд хувьчилсан юм. Үүний дүнд малчид аж ахуйгаа чөлөөтэй эрхэлж, аливаа эрсдэлээ өөрсдөө хариуцах болсон ч бэлчээрийн газар төрийн өмчид хэвээрээ үлдсэний улмаас шинэ төрлийн зохицуулалт шаардах болсон. 1999 оноос Монгол Улс нутгийн иргэдэд түшиглэсэн бэлчээрийн газрын менежментийг бодит амьдрал дээр шалгах талбар болсон юм. Энэ цагаас хойш 10 гаруй олон улсын донор байгууллага, төрийн бус байгууллагуудын тусламжтай 2000 гаруй “малчдын бүлэг” болон “бэлчээр ашиглагчдын бүлэг” үүсэн бий болжээ.   

Бэлчээрийн газар нь нийтийн нөөц (common resource) буюу эдийн засгийн шинжлэх ухаан тодорхойлсноор хэрэглээ нь өрсөлдөөнтэй (rival) боловч хэрэглээг нь хязгаарлах боломжгүй (non-excludable)[1] онцлогтой байгалийн нөөц юм. Нэг талаас олон хүн нэг цаг хугацаанд хэрэглэх боломжгүй ч өмчлөлийн хувьд нийтийн байх нь “нийтийн өмчийн эмгэнэл (Tragedy of the Commons)”-ийн асуудал үүсгэдэг. Иймд эрс тэс уур амьсгалтай, байгаль цаг уурын нөхцөлд тохиромжтой, уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн амин сүнс болсон бэлчээрийн газрын менежментийг чөлөөт эдийн засгийн харилцаанд шилжсэн 1990-ээд оноос хойш хэрхэн зохицуулж ирсэн, энэ нь ямар үр нөлөөтэй байгааг судлах нь бэлчээрийн тогтвортой менежментэд чухал ач холбогдолтой юм. Эрдэнэчулуун болон бусад судлаачид энэ асуудалд анхаарлаа хандуулж, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Ногоон алт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн бэлчээр ашиглагчдын бүлгийн төсөл бэлчээрийн чанарт хэрхэн нөлөөлснийг судалжээ.  

Социалист систем задран унасны дараа Монголын мал аж ахуйн салбар хурдтайгаар тэлж, 1980-аад оны дунд үеэс 2010 оны хооронд малын тоо толгой хоёр дахин өссөн бол бэлчээрийн хэмжээ 1990-ээд оны сүүл гэхэд 10 гаруй хувиар буурсан байна. 2010 оны байдлаар нийт малын тоо бэлчээрийн даацаасаа 32.5 хувиар буюу хонин толгойгоор 16 саяар хэтэрчээ. Бэлчээрийн даацын хэтрэлт экологийн бүсээс хамаараад харилцан адилгүй байна. 2010 оны байдлаар гэхэд Дорнод, Сүхбаатар, Баянхонгор гэсэн гурван аймгаас бусад аймгуудын хувьд бэлчээр ашиглалт 100-300 хувьтай байжээ. Харин Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гурван том хотын хувьд бэлчээр ашиглалт харгалзан 1,541%, 436%, 651% байна. Ийнхүү бэлчээрийн даац хэтрэх нь нэг талаас хэрэглээ нь өрсөлдөөнтэй боловч хэрэглээг нь хязгаарлах боломжгүй нийтийн өмчид тохиолддог бэрхшээл юм.

Нийтлэлд зориулан Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс боловсруулсан бэлчээрийн даацын мэдээллийг оруулав.

2018 онд Хятадын эдийн засгийн тойм сэтгүүлд хэвлэгдсэн Эрдэнэчулуун нарын судалгааны ажилд бэлчээр ашиглагчдын бүлгийн бэлчээрийн чанарт үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийн талаар дурджээ. Тухайлбал, бүлгийн гишүүдийн дунд орлогын тэгш бус байдал их байх нь бэлчээрийн чанарт сөрөг нөлөөтэй байжээ. Энэ нь онолын хувьд хүлээгдэж байснаасаа зөрчилтэй үр дүн юм байна. Baland & Platteau (1996) болон Nagendra (2011) нарын судалгаагаар бүлгийн гишүүдийн дунд орлогын тэгш бус байдал их байх нь нийтийн нөөцийн чанарт эерэг нөлөөтэй байдаг байна. Учир нь бүлгийн орлого өндөртэй гишүүд нь нийтийн өмчийн ашиглалтаас хамгийн их ашиг хүртэгчид учраас дундын өмчийн чанарыг сайжруулахад манлайлан ажиллах хөшүүрэг өндөртэйгөөс гадна нөөц, боломж ихтэй байдаг. Гэтэл монголын хувьд үүнээс эсрэг дүр зураг гарсан нь нэгдүгээрт, мал ихтэй өрхүүд бэлчээр ашиглагчдын бүлэгт элсэх сонирхол бага, хоёрдугаарт, малаа бусад өрхийн малтай холих дургүй, гуравдугаарт, бага малтай бүлгийн гишүүддээ сайн итгэдэггүй ажээ. 

Харин тус судалгаанд бэлчээр ашиглагчдын бүлгийн гишүүдийн тоо дунджаар 43 байх нь бэлчээрийн чанарт эерэг нөлөөтэй гэж дүгнэжээ. Мөн оторлох, жилийн дөрвөн улиралд бэлчээр сэлгэж нүүх, бүлгийн гишүүд бэрхшээлтэй асуудлаа нээлттэй хэлэлцэх болон гишүүд бүлгийн уулзалтдаа идэвхтэй оролцох зэрэг нь бэлчээрийн чанарт эергээр нөлөөлжээ. 

Судалгааны ажлын дэлгэрэнгүйг эндээс унших боломжтой.

Судалгааны ажлыг 12 сарын 22-ны 18.00 цагаас Эн Ар Си Си судалгааны семинарт хэлэлцэнэ. Семинарын тухай мэдээллийг эндээс авна уу.

[1] Тухайн нөөцийг олон хүн нэг цаг хугацаанд зэрэг хэрэглэх боломжгүй,  зөвхөн нэг хэрэглэгч хэрэглэх боломжтой бол хэрэглээг нь өрсөлдөөнтэй гэж үзнэ. Харин олон хэрэглэгч нэг цаг хугацаанд зэрэг хэрэглэдэг бол хэрэглээ нь өрсөлдөөнгүй гэдэг. Тухайн нөөцийг ашиглахын тулд төлбөр төлдөг бөгөөд төлбөр төлөөгүй хүмүүс ашиглах боломжгүй бол хэрэглээг нь хязгаарлах боломжтой гэж үздэг. Харин төлбөр төлөөгүй ч гэсэн хэрэглэх боломжтой бол хэрэглээг хязгаарлах боломжгүй гэдэг. 

Previous
Previous

Эн Ар Си Си Судалгааны семинар амжилттай болж өнгөрлөө

Next
Next

ХҮНИЙ ЭРХИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ИРГЭНИЙ НИЙГМИЙН ОРОЛЦОО