Итгэлцэл болон институтийн тогтолцоо нь өмчийн эрхийн аюулгүй байдалд хэр чухал вэ?

Улс орнууд эдийн засаг, нийгмийн хөгжлөөрөө өөр хоорондоо эрс ялгаатай байгаа шалтгааныг эдийн засгийн шинжлэх ухаанд олон хүчин зүйлсээр тайлбарладаг бөгөөд эдгээрийн нэг чухал хүчин зүйл нь өмчийн өрхийн баталгаажилт байдаг. Хувийн өмчийн аюулгүй байдал хангагдсан нийгэмд иргэд нь үйлдвэрлэл эрхлэх, бүтээлч байх хөшүүрэг өндөртэй болж, эдийн засаг нь урт хугацаанд тогтвортой өсөх боломж бүрддэг. Тэгвэл хувийн өмчийн аюулгүй байдал ямар нөхцөлд хангагддаг вэ? Энэхүү асуултад хариулт өгөх нэгэн сонирхолтой судалгааг доктор Б.Монголжин бусад судлаачдын хамтаар хийж, 2016 онд эдийн засгийн тэргүүлэх сэтгүүлүүдийн нэг болох Journal of Public Economics-д хэвлүүлжээ.

Судлаач Монголжингийн багаараа Австри, Мексик, Монгол, Өмнөд Солонгос болон АНУ зэрэг эдийн засгийн хөгжил, соёл зан заншил, итгэлцэл, нийгмийн тогтолцооны түүхэн хөгжил болоод институтийн тогтолцооны чадавхаараа ялгаатай улсуудад нэгэн сонирхолтой туршилтын судалгааг хийж, өмчийн эрхийн аюулгүй байдалд дээрх хүчин зүйлс хэр нөлөөтэй болохыг харуулжээ. Эдгээр таван улсыг сонгохдоо World Values Survey cultural map гэх түүвэр судалгааны найман өөр бүсээс сонгожээ.

Босоо тэнхлэгийн дагууд доошоо байрлахын хэрээр тухайн үндэстэн уламжлалт байдлаа их хадгалсан, шашинлаг байдаг бол дээшлэх хэрээр уламжлалт болон шашинлаг хандлага багатай байдаг. Хэвтээ тэнхлэгийн дагууд баруун тийш болох тусам нийгмийн итгэлцэл сайтай, зүүн тийш болох хэрээр итгэлцэл муутай.

Туршилтыг 2010 оны нэгдүгээр сараас долдугаар сарын хооронд, сонгосон таван улсад хийсэн бөгөөд судалгаанд нас, боловсрол болон нийгэм эдийн засгийн статусаар ижил хүмүүс хамрагдсан байна. Ихэвчлэн тухайн сонгосон улсуудын их сургуулийн оюутнууд хамрагджээ. 

Туршилтын дизайн

Туршилт нь гурван өөр тоглоомыг санал болгосон бөгөөд туршилтад орж буй хүмүүсийг тав таваар бүлэг болгож, дөрвөн үетэй зургаан шатлалтайгаар тоглуулжээ.

Тоглоомын үе бүрийн эхэнд оролцогсдод тодорхой хэмжээний жетон өгнө. Үүнийгээ тэд үйлдвэрлэл эрхлэх, хулгайлах болон хөрөнгөө хамгаалах гэсэн гурван хувилбарт хуваарилах боломжтой. Үйлдвэрлэл эрхлэх хувилбарт хуваарилсан үед хүснэгтэд харуулсан байдлаар хөрөнгөө өсгөх боломжтой.

Хулгай хийх хувилбарт жетоныг хуваарилсан үед бусад тоглогчдодоо хохирол учруулах замаар хөрөнгөө өсгөнө. Хамгаалах хувилбарт хуваарилсан жетон нь өөрийн хөрөнгөө бусад оролцогчдод алдахаас сэргийлэхэд зарцуулагдана. Өөрөөр хэлбэл хамгаалах хувилбарт хөрөнгө зарцуулснаар хөрөнгөө өсгөх боломжгүй. Тоглоомын эцэст үйлдвэрлэлээс хуримтлуулсан хожил, хулгай хийж олсон хожил болон хулгайд алдсан алдагдал зэргээсээ хамаарч, тоглогчид янз бүрийн хожил авна.

Тоглоом тоглох явцдаа оролцогчид хөрөнгөө хулгайд алдахаас нэгдмэл буюу коллектив байдлаар сэргийлэх боломжтой. Нэг хувилбар нь хөрөнгө хамгаалах санд сайн дураар хандив өгснөөр хулгайгаас сэргийлнэ. Хоёрдугаар хувилбар нь эхний шатны тоглоомын дараа хөрөнгөө хамгаалах институт бий болгох санал хураалт явуулж, олонх дэмжвэл хөрөнгө хамгаалах хандив нь сайн дурын биш, албан журмын болно. Хөрөнгө хамгаалах санд оруулах жетоны хэмжээг гишүүдээс санал авч медиан утгаар тогтооно.

Тоглоомын эцэст санал болгосон гурван хувилбарыг хэрхэн сонгосон, бусад тоглогчдын болон өөрийн шийдвэрээс хамааран тоглогч бүрийн хожил янз бүр байх боломжтой.

Энэхүү туршилтын тоглоом нь хувь хүмүүс бусдыгаа хулгай хийхгүй гэдэгт хэр итгэдэг эсэх, хамтарч шийдвэр гаргадаг эсэх болон албан институтээр дамжуулж өмчийн аюулгүй байдлаа хангаж чадна гэдэгт итгэлтэй байдаг эсэхийг харуулах боломжтой гэж судлаачид үзжээ. Ингэснээр тухайн оролцогчдын амьдардаг нийгмийн итгэлцэл, институтийн тогтолцоо болон зан заншил зэрэг хүчин зүйлс туршилтын явцад гаргах шийдвэрт системтэйгээр нөлөөлж буйг харах боломжтой.

Судлаачид гурван төрлийн үр дүн гарах боломжтой хэмээн таамагласан байна. Нэгдүгээрт, хүмүүс тодорхой нөхцөлийг биелнэ гэж итгэсэн үедээ хоорондоо тохирохгүйгээр хамтын ашигтай шийдвэрт хүрдэг гэдгийг харуулсан нийгмийн дилемма туршилтуудын үр дүнд тулгуурласан. Тухайлбал, туршилтад оролцогсод нь бусад хүмүүс хулгай хийх шийдвэр гаргахгүй гэдэгт итгэлтэй байгаа бол өөрөө тийм шийдвэр гаргахгүй. Энэ нь хөрөнгөө хамгаалахад сайн дурын болон албан институт сонгох гэсэн хувилбарууд шаардлагагүйгээр тогтох хамтын шийдвэрт хүрч буй тэнцвэр юм. Гэхдээ тоглоомын үе өнгөрөх бүр ийм байдлаар хамтын шийдвэрт хүрэх нь буурдаг.

Хоёрдугаар таамаглал нь тодорхой нөхцөл биелнэ гэсэн хүлээлттэй хамтрагчид хөрөнгө хамгаалах санд сайн дураар хандив өгөх замаар хөрөнгөө хамтарч хамгаалах шийдвэр гаргаж болно. Гэхдээ ийнхүү сайн дураар өгөх хандивын хэмжээ хугацаа өнгөрөхийн хэрээр багасдаг болохыг нийгмийн дилемма туршилтууд мөн харуулсан байдаг.

Гуравдугаарт, зан заншил, соёл, итгэлцэл нь ялгаатай нийгмийн хүмүүс ялгаатай шийдвэр гаргана гэж судлаачид үзсэн. Өөрөөр хэлбэл туршилтад оролцсон хүмүүсийн зан төлөвт амьдардаг нийгмийнх нь онцлог нөлөөлнө. Хэрэв оролцогчдод зөвхөн тоглоомын дүрэм л чухал байдаг бол оролцогчид хаана ямар орчинд амьдардаг эсэх нь эцсийн үр дүнд хамаагүй. Гэтэл туршилтад оролцогч бусад хамтран тоглогчдынхоо итгэл үнэмшил болон зан төлөвийн талаарх ямар хүлээлттэй байгаа нь тоглоомын үр дүнд нөлөөлнө. Тухайлбал итгэлцлийн индекс өндөртэй улсуудын хүмүүс туршилтад оролцохдоо бие биедээ илүү итгэж, хамтын шийдвэр гаргах хандлагатай байх боломжтой.

Туршилтын гурав дахь хувилбар буюу хөрөнгө хамгаалах санг санал хураалтаар албан болгож, хандивын хэмжээг тогтоох хувилбарыг тоглогчид хэрхэн сонгох тухай таамаглал нь анхаарал татна. Итгэлцэл багатай, төрийн институтэд итгэх итгэл сул бөгөөд засаглалын чанар муутай улсын оролцогчид хөрөнгөө хамгаалах албан институтэд санал өгч, шаардлагатай хөрөнгийг албан байдлаар хандивлах сонголт аль болох хийхгүй хэмээн судлаачид таамаглажээ. 

Үр дүн

Туршилтын үр дүнд итгэлцэл өндөр улсын оролцогчид аль болох үйлдвэрлэл хийх хувилбараар хөрөнгөө өсгөх сонголтыг илүүтэй хийж байсан бол итгэлцэл багатай улсын оролцогчид энэ хувилбарыг бага сонгожээ. Тухайлбал, хулгай хийх хувилбарт хуваарилсан жетоны хэмжээ Австрийн оролцогчдын хувьд дунджаар 1.5 байсан бол Монголын оролцогчдын хувьд 2.6 байсан байна. Мөн түүнчлэн, хулгай хийх хувилбарт хөрөнгөө хуваарилахгүй гэдэг шийдвэр гаргасан оролцогчдын хувь нь АНУ-ын хувьд хамгийн их буюу 42.5%, Монголын хувьд хамгийн бага буюу 10% (Австри 34.3%, Өмнөд Солонгос 34.2%, Мексик 26.4%) гэх мэт нэлээд ялгаатай байжээ.

Гурав дахь хувилбар буюу албан институт байгуулах замаар хөрөнгөө хамгаалах хувилбарыг хаанаас орж байгаагаасаа хамааран оролцогчид ялгаатай сонгосон байна. Хөрөнгө хамгаалах албан сан байгуулахад Монгол хамгийн бага буюу 29.5% харин Австри хамгийн их буюу 69.7% (АНУ 58%, Мексик 61.1%, Өмнөд Солонгос 63%) санал өгчээ.

Зүүн талын зурагт хулгайд хуваарилсан жетоны тоог тухайн улсын итгэлцлийн индекстэй харьцуулан харуулж байна. Баруун талд үйлдвэрлэлд хуваарилсан жетоны тоог итгэлцлийн индекстэй харьцуулсан. Тасархай зураас нь бүх үед оруулсан жетоны дундаж, улаан зураас нь эхний үеийн жетоны тоо.

Судлаач Монголжин 6 дугаар сарын 29-ний 18.00 цагт болох Эн Ар Си Си судалгааны семинарт оролцож судалгааны ажлаа дэлгэрэнгүй танилцуулна. Семинарт хэрхэн оролцох талаарх мэдээллийг энд дарж авна уу.

Previous
Previous

2021-2022 оны академик жилийн Эн Ар Си Си Судалгааны семинар

Next
Next

Эн Ар Си Си мэдээгээр