Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн гүйцэтгэлд өрсөлдөөнт орчин, субьектив сэтгэгдэл нөлөөлдөг үү?

Хүйсээс хамаарч боловсрол, ажил мэргэжлийн хувьд ялгаатай үр дүнд хүрдэг шалтгааныг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн болон таашаалын ялгаатай байдалтай холбон судалсан судалгааны ажлууд нэмэгдсээр байна. Зан төлөвийн эдийн засгийн салбарт бас нэгэн хувь нэмэр оруулсан сонирхолтой судалгааг залуу судлаач Болдмаа багаараа гүйцэтгэжээ.

Тэд өрсөлдөөнтэй орчин болон урам зориг өгөх субьектив сэтгэгдэл нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэлд ялгаатай байдал үүсгэж байгаа эсэхийг цахим тоглоом ашиглан санамсаргүй туршилтын аргаар хэмжсэн байна. Уг туршилтын үр дүнд өрсөлдөөнт орчин нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тууштай байдлыг нэмэгдүүлдэг бол зөвхөн эрэгтэй хүмүүсийн хувьд гүйцэтгэл нь сайжирдаг болохыг баталжээ. Хэдийгээр өрсөлдөөнт орчин эмэгтэйчүүдийн гүйцэтгэлд эерэг нөлөө үзүүлдэггүй ч, өрсөлдөөнт орчин дээр нэмж урам өгч, дэмжсэн сэтгэгдэл өгөх нь тэдний гүйцэтгэлд сайнаар нөлөөлдөг байна.

Туршилт

Уг туршилтын судалгааг маш энгийн даалгавартай цахим тоглоом ашиглан гүйцэтгэжээ. Тоглохдоо дэлгэцэд гарч ирэх олон дүрсүүд дундаас зүүн дээд буланд гарч ирсэн дүрстэй ижил дүрсийг сонгож дарснаар оноо авах бөгөөд нэг удаагийн тоглолт хоёр минут үргэлжилдэг. Хугацаа болон авсан оноо дэлгэцийн дээд хэсэгт харагдана.

Судлаачид оролцогчдын гүйцэтгэл (тоглолтын туршид авсан оноо) болон тууштай байдал (нийт тоглосон тоо) гэсэн хоёр үзүүлэлтэд өрсөлдөөн (интервенц 1-leaderboard) болон субьектив сэтгэгдэл (интервенц 2-4) хэрхэн нөлөөлөхийг хэмжжээ.

Интервенцийн 8 бүлгийн төрлүүд болон субьектив сэтгэгдлийн зурвасууд.

Тоглоомд өрсөлдөөний интервенцийг оруулахын тулд тухайн тоглоомын хамгийн өндөр оноо авсан 10 тоглогчийн богино нэр (nick name)-ийг тоглоомын эхэн болон төгсгөлд дэлгэцийн дээд хэсэгт харагддаг болгосон байна. Ингэхдээ нийт тоглогчийн тал нь үүнийг харах бол нөгөө талд харагдахгүй. Ийнхүү өндөр оноотой тоглогчдыг харах боломжтой болон боломжгүй гэж санамсаргүй хуваасан бүлэг тус бүрийг субьектив интервенц турших дөрвөн бүлэгт дахин санамсаргүй хуваарилжээ. Тухайлбал, нэгдүгээр бүлэгт ямар нэг зурвас харагдахгүй, хоёрдугаар бүлэгт дэмжсэн сэтгэгдэл (supportive feedback) буюу “Оролдоод үз”, “Чи чадна”,  гуравдугаар бүлэгт урамшуулсан сэтгэгдэл (rewarding feedback) буюу “Сайн байлаа”, ”Мундаг байна”, дөрөвдүгээр бүлэгт өдсөн сэтгэгдэл (trash talk) буюу “Чи хичээгээд л энэ гэж үү?”, ”Нойрмог байна уу даа?” гэх мэт зурвасыг дүрс солигдох мөчид дэлгэцэд харуулжээ. Туршилтын хугацаанд тоглогчдыг өрсөлдөөн болон гурван төрлийн субьектив сэтгэгдэл турших интервенцээс хамааруулж нийт 8 бүлэгт санамсаргүй хуваасан байна.

Тоон мэдээлэл

Тоглоомын сайтыг сошиал медиагаар сурталчлах замаар туршилтад оролцох хүмүүсийг бүртгэжээ. Туршилтад уг тоглоомыг 2019 оны 4-р сараас 2020 оны 2-р сар хүртэлх хугацаанд тоглосон хүмүүсийг хамруулсан байна. Оролцогчид нас, хүйс, амьдарч буй улс, цахим тоглоом хэр их тоглодог, уг тоглоомыг өмнө тоглож байсан эсэх болон богино нэрээ оруулсны дараа тоглох боломжтой болно. Судалгааны тухай мэдээллийг тоглоомын сайтад мөн танилцуулжээ. Тоглогчдыг дээр дурдсан 8 бүлэгт санамсаргүй хуваарилсан.

Тоглоомд 18-45 насны, Төв болон Зүүн Европын хүмүүс оролцжээ. Нийт 5,191 хүн 9,557 удаа тоглоомыг тогложээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 70 хувь эмэгтэй, 55 хувь 17-24 насныхан, 46 хувь ахлах сургуулийн болон их сургуулийн боловсролтой, 55 хувь цахим тоглоом хааяа тоглодог хүмүүс байсан бол 46 хувь нь Унгар Улсад амьдардаг байсан байна. Тоглоомын туршилтад хамрагдсан хүмүүс дунджаар 2 орчим удаа тогложээ.

Үр дүн

Суурь бүлэг буюу өрсөлдөөн болон субьектив сэтгэгдлийн аль алиныг аваагүй бүлгийн онооны дунджийг хүйсээр харьцуулахад эмэгтэйчүүд илүү өндөр оноо авчээ. Энэ нь өрсөлдөөнгүй үед эрэгтэйчүүд тийм ч их хичээдэггүй эсвэл судалгаанд ашигласан тоглоом хэт энгийн байснаас цахим тоглоом сайн тоглодог эрэгтэйчүүд тоглоогүйтэй холбоотой байж болох юм. Ямартай ч өрсөлдөөний интервенц буюу хамгийн өндөр оноотой 10 тоглогчийн нэрийг тоглоомын эхэн болон төгсгөлд харуулсны дараа энэ байдалд өөрчлөлт гарсан байна.

Өрсөлдөөний интервенц оруулсан бүлгийн тууштай байдал буюу тоглоом тоглох давтамжид хүйсийн ялгаа гарахгүй байсан боловч гүйцэтгэл буюу онооны хувьд эрэгтэйчүүдийн хамгийн өндөр оноо нь өрсөлдөөнгүй үеэс эрс нэмэгдсэн бол эмэгтэйчүүдийн оноонд бараг өөрчлөлт гараагүй байна. Гэтэл өрсөлдөөн болон субьектив сэтгэгдлийг зэрэг туршсан бүлгийн хувьд эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн оноо эрс нэмэгджээ. Эмэгтэйчүүдийн өрсөлдөөнөөс үүдсэн  гүйцэтгэлийн бууралт өрсөлдөөн болон дэмжсэн сэтгэгдэлтэй үед эргэн сэргэсэн байна. Дэмжсэн болон урам өгсөн сэтгэгдлүүдийн хооронд тийм ч их ялгаа ажиглагдаагүй аж. Харин өдсөн зурвас харуулахад өрсөлдөөний эерэг нөлөө буурч байсан байна.

Зан төлөвийн хүйсийн ялгаа нь ажиллах, суралцахад ч хамаатай байж болох тул урам зориг өгөх, дэмжих гэх мэт субьектив сэтгэгдэл сургууль болон ажлын орчинд чухал нөлөөтэй хэмээн судлаачид үзжээ. Тиймээс багш нар оюутнууддаа, удирдах албан тушаалтнууд ажиллагсдадаа хувь хүний онцлогт тохирсон урам зориг өгч, дэмжсэн сэтгэгдэл хэлж байх нь гүйцэтгэлийг нэмэгдүүлээд зогсохгүй, өрсөлдөөнт орчинд эмэгтэйчүүдэд үүсдэг сэтгэл зүйн сул талыг нөхөж, гүйцэтгэл дэх хүйсийн ялгааг бууруулах нөлөөтэй гэж үзжээ.

Судлаач Болдмаагийн багаараа хийсэн энэхүү туршилтын судалгааны ажил Journal of Behavioral and Experimental Economics сэтгүүлийн 2023 оны 2 сарын дугаарт хэвлэгдэх гэж байгаа юм. Уг судалгааны ажлыг 2022 оны 12 сарын 21-ний Эн Ар Си Си судалгааны семинарт хэлэлцэнэ. Семинарт оролцохыг хүсвэл энд дарж мэдээлэл авна уу.

Previous
Previous

Хэрэглэгчийн итгэлийн индекс - 2022 оны 4-р улирал

Next
Next

Гол сэдэв нэвтрүүлэг