Уул уурхайн салбар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгааг өсгөдөг үү?
Сүүлийн хорь орчим жилийн хугацаанд уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр эдийн засгийн өсөлт хурдасч, жилд дунджаар 7.8 хувьд хүрсэн. Энэхүү хурдацтай өсөлт хөдөлмөр эрхлэлт, орлогыг дэмжсэнээр 2008-2018 онд улсын дундаж цалин бодит дүнгээр хоёр гаруй дахин өссөн ч бодит цалингийн өсөлт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд тэгш хүртээмжтэй биш байна. Тухайлбал, эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдийнхээс хэдэн хувиар бага байгааг харуулдаг үзүүлэлт болох цалингийн хүйсээрх ялгаа 11.8 хувиас 17.9 хувь болж эрс өсчээ.
Өгөгдөл, арга зүй
Эмэгтэйчүүдийн ажлын туршлага, боловсрол зэрэг хөдөлмөрийн зах зээлийн чанарын үзүүлэлтүүд 2008-2018 хооронд эрс сайжирсан байтал цалингийн ялгаа ийнхүү өссөн нь анхаарал татсан үзүүлэлт юм. Судлаач цалингийн ялгаанд нөлөөлсөн хүчин зүйлийг шинжлэхдээ Охака-Блайндерийн (Oaxaca-Blinder) дундаж дээрх задаргааны арга болон Черножуков (Chernozhukov et al.) нарын боловсруулсан тархалтаарх задаргааны аргыг ашигласан байна. Дүн шинжилгээ нь Үндэсний статистикийн хорооны олон нийтэд нээлттэй тавьдаг ажиллах хүчний судалгааны 2008-2018 оны задгай тоон өгөгдөлд суурилжээ.
Үр дүн
2008-2018 онд бүтэн цагаар ажилладаг, цалинтай ажиллагсдын хувьд цалингийн хүйсээрх ялгаа дөрвөн нэгж хувиар өсчээ. Мөн хугацаанд эмэгтэйчүүдийн ажлын туршлага, боловсрол зэрэг хөдөлмөрийн чанарын үзүүлэлт эрэгтэйчүүдээс илүү байгаа нь хүйсээрх ялгааг 7.6-11.3 нэгж хувиар бууруулсан ч, цалингийн хүйсээрх ялгаа 7.8 нэгж хувиар өсчээ. Ажил мэргэжил, салбар оруулан өргөтгөсөн шинжилгээнээс үзвэл салбарын ялгарал цалингийн хүйсээрх ялгааг 6.6 нэгж хувиар өсгөсөн байна. Цалин өндөртэй салбарт эрэгтэйчүүд илүүтэй ажилладаг болох нь аж үйлдвэрлэлийн салбар цалингийн нийт ялгааны 64-86 хувийг дангаараа тайлбарлаж байгаагаас харагдана.
Цалингийн хүйсээрх ялгааг цалингийн тархалтаар шинжилсэн нь энэ ажлын бас нэг онцлог ажээ. Цалингийн хүйсээрх ялгаа тархалтаар жигд бус байгааг тодорхойлдог “Наалдамхай шал” (англиар Sticky floor), “Шилэн тааз” (Glass ceiling) хэмээх ойлголтууд байдаг. “Наалдамхай шал” гэдэг нь бага түвшний цалин дээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин ялгаатай байхыг хэлдэг бол, “шилэн тааз” нь өндөр түвшний цалин дээрх ялгааг илэрхийлдэг. Монгол Улсад цалин өсөхөд цалингийн хүйсээрх ялгаа улам өсдөг буюу “шилэн тааз” байна. Өөрөөр хэлбэл, өндөр цалинтай ажил дээр эмэгтэй хүмүүсийн цалинд үл үзэгдэх хязгаарлалтууд байгаа ажээ. Монголтой ижил төстэй Азийн болон шилжилтийн улсуудын хувьд наалдамхай шал болон шилэн тааз аль аль нь байдаг эсвэл зөвхөн наалдамхай шал ажиглагддаг. Харин Монголд “наалдамхай шал” байхгүй хэрнээ “шилэн тааз”-тай байгаагаараа онцлог юм. Улмаар энэ байдал 2008-2018 онуудад улам бүр нэмэгдсэн нь анхаарал татах асуудал аж.
Судлаач дээрх шалтгааныг бодлогын болон салбарын гэсэн хоёр хүчин зүйлтэй холбоотой байж болно гэж үзжээ. Нэг талаас 2008-2018 онд эрэгтэй ажиллагсад өндөр цалинтай, эрэгтэйчүүд давамгайлдаг эдийн засгийн салбарууд руу илүүтэй шилжсэн нь салбарын хүйсээрх ялгарлыг[2] нэмэгдүүлжээ. Тухайлбал, хамгийн өндөр цалинтай уул уурхайн салбарт эрэгтэй ажиллагсад эзлэх хувь хоёр дахин өсч 16.3 хувь болсон байна. Салбарын энэ ялгарал өндөртэй цалинтай бүлгийн хувьд цалингийн хүйсээрх ялгааг өсгөх нөлөөтэй. Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар үнэ төлбөргүй улсын цэцэрлэгийн үйлчилгээ, хүүхэд нь 3 нас хүртэл эмэгтэйчүүдийн ажлын байрыг хадгалах, цалинтай ээж болон жирэмсний тэтгэмж зэрэг ажил, гэр бүлийн нийцтэй байдлыг дэмжсэн бодлогуудыг хэрэгжүүлдэг. Ийм бодлого эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нөлөөтэй ч удаан хугацаандаа ажил эрхлэлт нь завсардахад хүргэдэг. Улмаар эмэгтэйчүүдийн ажил дээрээ ахиж дэвших, илүү өндөр цалинтай хариуцлагатай ажил хийх боломжийг хязгаарладаг. Эдгээр бодлогууд эмэгтэйчүүдийг бага түвшний, эрэгтэйчүүдтэй адил цалин авдаг хөдөлмөр эрхлэхэд дэмтэй ч, өндөр түвшинд харин эсрэг нөлөө үзүүлж байж болохыг судлаач дурджээ.
Алтанцэцэгийн энэхүү бүтээл нь “The gender wage gap in Mongolia: Sectoral segregation as a driving factor” нэртэйгээр Review of Development Economics сэтгүүлийн 2021 оны 8-р сарын дугаарт хэвлэгдсэн. Дэлгэрэнгүйг энд дарж унших боломжтой. Судалгааны ажлыг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний 18.00 цагаас ЭН АР СИ СИ судалгааны семинарт дэлгэрэнгүй танилцуулна. Семинарын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.
[1] Хөдөлмөрийн эдийн засагт цалингийн ялгаа гэж эрэгтэйчүүдийн цалин эмэгтэйчүүдийн цалингаас илүү байхыг, харин цалингийн урвуу ялгаа гэдэгт эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдийн цалингаас илүү байхыг хэлдэг.
[2] Салбарын хүйсээрх ялгарал гэдэг нь салбаруудад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль нэг давамгайлж байгааг хэлдэг.